ХАВРЫН МОД ТАРИЛТААР “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д 10 МЯНГАН МОД ТАРИГДАНА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэлийн ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, эко орчныг бүрдүүлэх хүрээнд жил бүрийн 5, 10 сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулдаг.  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 2022 оны ХАВРЫН МОД ТАРИЛТЫН ЗАХИАЛГА авч эхэлсэн. Хэрэв та нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан мод тарихыг хүсвэл Голт бор, Өрөл, Далан хальс, Гүйлс, Буйлс, Гүйлс, Агч, Шар хуайс, Улиас, Хайлаас гэсэн нийт 10 төрлийн модноос сонгон захиалгаа өгөх боломжтой юм.

Энэ хаврын мод тарилтын өдрүүд 2022 оны 05-р сарын 07-ны өдрөөс эхэлнэ.  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан албан хаагчдын уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд өнгөрсөн 12 жилийн хугацаанд буюу 2010 оноос хойш нийт 150 мянга гаруй мод 98 хувийн амьдралтайгаар ургаж байна. Жилийн дөрвөн улирлын турш тарьсан модоо арчилж хамгаалдаг манай хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаа. Хавар, намрын мод тарилтаараа тус бүр 10 мянга буюу нийт 20 мянган модыг суулгац хэлбэрээр тарих бол Туул голын урсацыг хамгаалах үндсэн үүргийнхээ хүрээнд 100 мянган тарьц бэлтгэж, эргийн хамгаалалт хийж тарихаар төлөвлөн ажиллаж байна. Шинээр санаачлан эхлүүлэх энэхүү ажилд маань өөрсдийн хүч, нөөцөө дайчилж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж Дотоод хэргийн их сургууль, Анагаахын шинжлэх Ухааны их сургуулиуд оюутнуудынхаа хамтаар олон мянган тарьц тарин, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэн, Туул голоо хамгаалах үйлсэд нэгдэхээ илэрхийлээд байна.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ