Mongolia Work day: 08:00-23:00

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫНХАН ИРЖ ТУРШЛАГА СУДАЛЛАА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ үүсгэн байгуулагдсанаас хойш 11 дэх жилдээ амжилттай ажиллаж байгаа. Энэ хугацаандаа нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж, 32 төрлийн нийт 142 мянган мод сөөгийг 98,5 хувийн амьдралтай ургуулж чадсан билээ. Тийм ч учраас олон аймаг, дүүргийн төлөөллүүд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас туршлага судлах санал хүсэлтээ ирүүлдэг. Энэ удаад олон ястан үндэстний өлгий нутаг болох алс холын Ховд аймгийн төв Жаргалант сумын удирдлагууд санал тавьсны дагуу ирж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяраар ахлуулсан хамт олон цэцэрлэгт хүрээлэн байгуулахад анхаарах хамгийн чухал хүчин зүйлс, мод ургамлыг техникийн дагуу зөв арчилж ургуулахад анхаарах зүйлс болон баримтлах зарчмуудын тухай зөвлөгөө мэдээлэл авч, намрын мод тарилтад хувь нэмрээ оруулсан юм.

Цаашид ч тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгаа манай хамт олон ирсэн хүсэлтүүдийн дагуу өөрсдийн туршлага, мод бут тарих арчлах арга зүйн мэдээлэл зөвлөгөөг өгч, тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгч боломжоороо хамтарч ажиллах болно гэдгээ дуулгахад таатай байна.

Улс орны хөгжил дэвшил “Ногоон ирээдүй”-г дэмжсэн бүх үйл ажиллагааг манай байгууллага дэмжин, хамтран ажиллана.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.