Mongolia Work day: 08:00-23:00

НОГООН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САЛБАРЫНХАН САНАЛ СОЛИЛЦЛОО

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженерүүд Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Ногоон байгууламжид баримтлах бодлого болон хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөр, цаашид баримтлах архитектурын шийдэл, стандарт шаардлагын талаар мэдээлэл солилцох нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэгт оролцож, салбарын хүмүүстэй санал бодлоо солилцлоо. Уг уулзалт хэлэлцүүлэгт хот нийтийн аж ахуйн болон ойн аж ахуйн чиглэлээр ногоон бодлого зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуйн нэгж бүрээс төлөөлөл оролцсоноороо онцлог. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ үндэсний хэмжээнд мод тарих ажлыг гардан гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагын хувьд өндөр ач холбогдол өгч, инженерүүдээ 100 хувь хамруулсан юм. Байгууллага хувь хүн бүр мод тарих тухай ярьж байгаа энэ цаг үед ийнхүү “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженерүүд ирж өөрсдийн дуу хоолойгоо хүргэн, өнгөрсөн хугацааны ололт амжилт болоод ямар алдаа дутагдал хэрхэн гарч болох талаар анхааруулан зөвлөсөнд уулзалтад оролцогчид талархаж байлаа.

“Баянзүрх ногоон хөгжил” дунд хугацааны хөтөлбөр боловсруулах, төлөвлөлтийн санал авах анхдугаар хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр, Дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд цаашид хэрхэн анхаарч болох талаар бодлогын хэмжээнд ярилцсан. Мөн мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, иргэдийн экологийн боловсролыг сайжруулах, энэ чиглэлийн уулзалт хэлэлцүүлэгийг тогтмолжуулах зэрэг ажлыг төлөвлөлөө.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ