Нийслэл Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийн бүтээн байгуулалт, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор өнгөрсөн жил Нарс мод тарих, арчлах ажлыг “Тод газар” ХХК гүйцэтгэсэн. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлан гүйцэтгэсэн тус ажлын хүрээнд нийт мянга орчим Нарс модыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд амжилттай тарьж ургуулаад байгаа юм.
Сонгон шалгаруулалтанд шалгарсан компанийн хувьд модыг бүрэн бэхжиж, өөрөө ургах чадвартай болтол буюу 3 жилийн хугацаанд усалгаа, арчилгааг хариуцдаг. Энэ ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Нарс модны намрын цэнэг усалгааны ажил хийгдэж байна.
Тарьсан модыг намрын улиралд “Цэнэг” усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар тарьсан мод бүрэн гүйцэт хоргодолгүй ургадаг ач холбогдолтой. Түүнчлэн, хөрөнгө мөнгө зарцуулан тарьсан моднууд бүгд бүрэн гүйцэт ургаснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна эдийн засагт хохиролгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д сүндэрлэн ургаж байгаа нийт нарс модны усалгааны ажил энэ 7 хоног үргэлжлээд дуусах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн инженер техникийн ажилтнууд хяналт тавин ажиллаж байна.