Mongolia Work day: 08:00-23:00

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн уурхайчдын нэрэмжит талбайтай болно

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой ирэх онд тохионо.

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой ирэх онд тохионо. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан тус салбарынхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн баруун хэсэгт 1,3 га талбайд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г  байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын  төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулж буй энэхүү талбай нь үе үеийн шилдэг уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор баригдаж байгаагаараа онцлог. Ийнхүү “Уурхайчдын талбай”-д тохижилт бүтээн байгуулалт хийснээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн баруун жигүүр төв талбайтай холбогдож, иргэд олон нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин илүү өргөн хүрээг хамарч, унадаг дугуй, явган хүний гүйлтийн замын тойрог томрох чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болох юм. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны 8-р сард бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна. 

#Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн

#Хайрлаж_ургуулсан_10_жил

#National_Garden_Park