НИСЭХ ЗАГВАРЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМЫН ТЭМЦЭЭН БОЛНО

Нисэх загварын спортын талбайг анх 2016 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд байгуулснаас хойш улсын чанартай олон уралдаан, тэмцээн зохион байгуулсаар ирсэн. Цаашид энэхүү спортыг улам өргөжүүлэх, хүүхэд залуусын сэтгэмжийг хөгжүүлэх, инженер зохион бүтээгчдийг дэмжих зорилгоор “НИСЭХ ЗАГВАРЫН ТАЛБАЙ”-г шинэчлэн засварлахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус шинэчлэлтийн ажлыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн III ээлжийн талбай дээр Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд багтаан 100 хувь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Нисэх загварын спорт нь аливаа хүнээс асар өндөр төвлөрөл мэдрэмж, ухаан шаарддагаараа бусад спортоос ялгардаг. Түүнчлэн хүүхдийн инженер сэтгэлгээг хөгжүүлж, эвийг тааруулах, агаарыг утсаар дамжуулан олох торгон мэдрэмжийг хөгжүүлдэг оюуны хөдөлмөр шаардсан спорт гэдгээрээ онцгойрдог. Шинэчлэн засварласан талбайд жил бүр зохион байгуулагддаг “НИСЭХ ЗАГВАРЫН ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭН”, хоёр жилд нэг удаа болдог “ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН,”-ийг зохион байгуулж Монгол хүүхэд залуус, тамирчдыг дэлхийн тавцанд гаргах зорилготой МАСА нийгэмлэг ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих