НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ДХИС-ИЙН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛНА

НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ДХИС-ИЙН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛНА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь Дотоод хэргийн их сургуультай анх 2022 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэл олон талт ажлыг амжилттай зохион байгуулсаар байна. Тус сургууль нь үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойдоо зориулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д ногоон байгууламж бүхий нэрэмжит төгөл байгуулах хүсэлт тавин удирдлагын түвшинд уулзалт зохион байгууллаа.

Энэ хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамтран идэвх санаачилгатай оролцох, өөрсдийн байгуулсан Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвийг ойжуулах, мод тарих үйл ажиллагаандаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мэргэшсэн, мэргэжлийн инженерүүдээс зөвлөгөө мэдээлэл авах, хавар намрын мод тарилтаар хүний нөөцөөр хангах талаар санал солилцсон юм.

Дотоод хэргийн их сургууль нь жил бүрийн хавар, намрын мод тарилтын бэлтгэл ажилд хариуцлагатай хандан мод үржүүлгийн газар ажиллах сонсогч оюутнуудаар тогтмол хангаж, ногоон байгууламжийн хамгийн чухал арчилгааны нэг болох цэвэрлэгээний ажилд сэтгэл гарган оролцдог идэвх санаачилгатай хамтрагч байгууллага юм.

Түүнчлэн Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойдоо зориулсан ногоон байгууламжийн төгөл байгуулах үйл хэрэгтээ тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, удирдлагууд болон нийт сонсогч, төгсөгчдөө идэвхтэй хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

Сэтгэгдэл бичих