ЖИМС, ЖИМСГЭНЭ УРГУУЛАХ ТЕХНОЛОГИ

1. Талбай сонгох. Жимст цэцэрлэг байгуулах талбайг түүний үндэсний системийн тархалт, хөрсний чийгийн хангамжийг харгалзан хөрсний усны түвшин 1.5-2.0 метрээс доош байх намаг, хужиргүй хаана хаанаасаа нар чөлөөтэй тусдаг бага зэргийн налуу гадаргуутай, хүйтэн хургаж тогтдоггүй ээвэр нөмөр газрыг сонгоно.
2. Сорт. Тариалангийн алимын “Сеяненц Кравченко”, “Алтайская Десертная”, “Ермолаева-23”, “Сибирское золото”, Чацарганы “Аяганга”, “Оранжевая”, “Обильная”, “Черная лисавинка”, “Сеянец голубки”,Бөөрөлзгөний “Вислуха”, Интоорын “Песчанная”, “Войлочная” зэрэг сортуудыг тариалж байна.
3. Талбайг бэлтгэх. Хөрсөнд чийг шим тэжээлийн бодисыг хуримтлуулах, хог ургамал устгах зорилгоор жимсний эх цэцэрлэг байгуулах талбайн хөрсийг 1-2 жилийн өмнө боловсруулж бэлтгэнэ. Хөрс нь үржил шим сайтай, 40-50 см гүн хагалаж боловсруулах боломжтой, дунд зэргийн механик бүрэлдэхүүнтэй байвал зохистой.Жимс суулгах хөрсийг 30-40 см гүн хагалж, сийрүүлэлтийг 3 удаа(12-14 см,10-12 см, 8-10 см) гүнд хийнэ. Хагалахын өмнө 1 га-д бууц 30-40 тонн, калийн бордоо бодит жингээр 200-300 кг, суперфосфат 400-500 кг -ийг хийнэ.Талбайг зам гарган хэсэгчлэн хуваасны дараа 0.7-1.0 метрийн голчтой 50-60 см гүн нүх ухаж бэлтгэнэ.
4. Тарих хугацаа. Жимс, жимсгэний мод бутыг хавар эрт нахиа хөөхөөс өмнө 5 дугаар сарын эхний 10 хоногт ба намар 10 дугаар сарын эхний 10 хоногт тарина.
5. Тарих арга. Тээвэрлэх замд үндэсийг нь хатаахгүйн тулд устай шавар бүхий нийлэг хальсан уутанд хийх бөгөөд хэрэв үндэс хатсан бол 12-24 цаг ус, шороон зуурмагт байлгасны дараа суулгана.Суулгацыг тарихад 2 хүн хамт ажиллавал сайн.Нэг хүн суулгацыг нүхэнд тэгш барьж үндсийг жигд тарааж нөгөө хүн нь нүхэнд бууц, шороо хийж сайтар нягтруулж дараа нь тогоог дүүртэл услана.
6. Тарих бүдүүвч. Жимс, жимсгэний ургамлын биологийн онцлог, сорт, хөрсний шинж чанар, хэрэглэх агротехникээс хамаарч тэжээлийн талбай нь таримал бүрд өөр өөр байна. Үүнд: (метрээр)
| | Эгнээ хооронд: | Ургамал хооронд: | 1 га-д тарих ургамлын тоо: |
1 | Том алим | 5 | 5 | 400 |
2 | Бэсрэг алим | 5 | 3 | 666 |
3 | Чавга | 5 | 3 | 666 |
4 | Интоор | 2 | 2 | 2500 |
5 | Тэс | 2 | 2 | 2500 |
6 | Бөөрөлзгөнө | 2.5 | 0.7 | 5800 |
7 | Гүзээлзгэнэ | 0.8 | 0.5 | 25000 |
8 | Үхэр нүд | 3 | 1 | 3333 |
9 | Чацаргана | 4 | 2 | 1250 |
7. Бордох . Жимс, жимсгэний ургамал нь нэг байрандаа олон жил ургаж их хэмжээний шим тэжээлийн бодис их шаарддаг тул доорхи хэмжээний бордоог хийнэ.
Бүсүүд | Залуу цэцэрлэгт | Жимслэж буй цэцэрлэгт | ||||||
Бууц тн. | Азот цн. | Фосфор цн . | Кали цн. | Бууц тн. | Азот цн. | Фосфор цн. | Кали цн. | |
Тарихын өмнө | 40-60 | - | 8-10 | 5-6 | - | - | - | - |
Төв бүсэд | 30-40 | 1.8-2.7 | 5-6 | 1.2-1.8 | 25-30 | 2-2.5 | 4.5-5.5 | 1.5-2.5 |
Тал хээрийн бүс | 40-60 | 2-3 | 4-5 | 1.0-1.5 | 20-30 | 2 | 4 | 1.3 |
Говийн бүс | 30-40 | 2.2-3.5 | 3.7-4.9 | 0.8-1.4 | 35-40 | 3-4 | 5-6 | 2-3 |
Жимсний залуу модонд азотын бордоог хавар, фосфор, калийн бордоог бууцтай хамт намар нэмэлт бордоо болгон хийнэ. Жимслэж буй цэцэрлэгийг бодвол залуу цэцэрлэг илүү бордоо шаардана. Иймээс хөнгөн хөрсөнд жил өнжөөд, үржил шимтэй хар шороон хөрсөнд 2-3 жил өнжөөд нэг удаа 30-40 тн|га нормоор бууц хийнэ. Модны тогоо, тогооны эргэн тойронд жил бүр 5-8 см зузаан бууцаар хучилт хийнэ. Ид жимслэлтийн үед бууц, эрдэс бордооны хэмжээг 20-30 хувиар нэмэгдүүлнэ.