Хөх хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн талаар мэдээлэл өглөө
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсийн Ургамал хамгааллын мэргэжилтэн Ш.Болорцэцэг хэлтсийнхээ ажилтнуудад ӨМӨЗО-ын Хөх хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн туршлага, ололт амжилтын талаар мэдээлэл өглөө. Ургамал хамгааллын мэргэжилтэн Ш.Болорцэцэгийн хувьд 2014 онд ӨМӨЗО-ны Хөх хотод зочилж, Хөх хотын ногоон байгууламж, төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлтийн талаар харилцан туршлага судлаад ирсэн юм.
Түүний өгсөн мэдээллээр Хөх хотын ногоон байгууламжийн газар нь арчилгаа, барилга, хортон, арчилгаа төлөвлөлт гэх мэт 14 хэсэг газраас бүрдэх бөгөөд нийт 1000 гаруй орон тооны болон гэрээт ажилчидтай. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хөх хотын ногоон байгууламжийн газар ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч, ил бүр 1000 га талбайг цэцэрлэгжүүлэх, иргэдээс газрын чөлөөлөн авч, орон сууцжуулах, тэдэнд ажлын байр бий болгох зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.
Хөх хот нь цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн стандартад хүрсэн ногоон хот болох зорилтоо биелүүлэхийн тулд шинээр орон сууцны хороолол, хотхон байгуулахдаа хороололын 30-иас доошгүй хувь нь ногоон байгууламж, 70 хувь барилга байгууламж байхаар хуульчилжээ. Мөн нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 8м2-иас доошгүй байхаар заасан байна.
Хөх хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн туршлагаас үзэхэд ногоон байгууламжийн системчилсэн төлөвлөгөө нь хот байгуулалтын салшгүй нэг хэсэг болж чаджээ. Тухайлбал шинээр байгуулах хороолол хотхонд ногоон байгууламжийн тодорхой хэмжээ тогтоох, иргэдийн газрыг чөлөөлж, орон сууцжуулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн зориулалтын талбайг бий болгох зэргээр бодлогоор дэмжиж ажиллаж байна.
Ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалт нь ногоон байгууламжийн чухал хэсэг учраас цэцэрлэгт хүрээлэнгүүдийн зардлыг улсаас дэмжиж, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн нь өнөөдрийн өнгө төрхийг бий болгосон гэж үзэж болохоор байна.