ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ БОЛОН ШИНЭ САНААНЫ УРАЛДААНЫГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын 10 жилийн ойг тохиолдуулан ажилтан, албан хаагчдын шинэлэг шийдэл, бүтээлч санааг хөхүүлэн дэмжих замаар хамтын хүч хөдөлмөрөөр босгосон өөрийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагааны туршлага дээр үндэслэн цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулан хөгжүүлэх талаар хамт олны шинэ санал, санаачлагыг дэвшүүлэх зорилгоор “ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮТЭЭЛЧ САНАА” гэсэн ерөнхий агуулгын хүрээнд шилдэг бүтээлийн болон илтгэлийн уралдааныг зарласан билээ.
Уг уралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилчид маш идэвхи санаачилгатай оролцож, II-р шатанд нийт 20 оролцогч тунаж үлдэж, байгууллагынхаа хэтийн хөгжлийг түргэтгэх үүднээс бодол оюунаа уралдуулсан. Уралдааныг “Сovid-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан “НОГООН ХӨГЖИЛ” танхимд амжилттай зохион байгууллаа.
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн өнөөгийн үйл ажиллагааны туршлага, цаашид хөгжүүлэх шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хог хаягдлын өнөөгийн байдал, шийдвэрлэх арга" сэдэвт илтгэлээр Д.Энхжаргал, Г.Батцэцэг, М.Шүрэнчимэг нар тэргүүлсэн бол дэд байрт "Эх ургамлын талбай бэлдэх" сэдэвт илтгэлээр С.Оюунтуяа, Ш.Болорцэцэг нар удааллаа. Харин гуравдугаар байрыг Б.Болор-Эрдэнэ, Ө.Батдорж, Б.Даваабаатар нар "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ыг түшиглэсэн "Ногоон бүс" сургалт" илтгэлээр эзэлж, Ж.Мөнхбаяр "Төсвийг хэмнэж өөрсдөө цэцгээ ургуулья, асуудал шийдэл" илтгэлээр, Б.Оргилсайхан, С.Гансүх нар "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нөхцөлд зүлэгний ургамлыг тарималжуулж, нутагшуулах судалгаа" сэдэвт илтгэлээрээ тусгай байр эзэллээ. Харин "Цэцэрлэгт хүрээлэнд хэрэгжүүлэх бүтээлч санаа" сэдэвт шилдэг бүтээл, шинэ санааны уралдаанд С.Оюунтуяа, Ш.Болорцэцэг нар "Амьд аркан гудамж" төслөөрөө тэргүүлсэн юм. Дэд байрт Б.Болор-Эрдэнэ, Ө.Батдорж, Б.Даваабаатар нар "Street#21", С.Гансүх "Гадаргын ус хуримтлуулж, усан цөөрөм байгуулах боломж" гэсэн сэдвээр гуравдугаар байрт шалгарсан бол "Цэцэрлэгт хүрээлэнд хэрэгжүүлэх бүтээлч санаанууд" сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулсан Д.Буянхишиг болон харуулын албаны хамт олон тус тус тусгай байр эзэллээ.
Мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийг чанд баримтлан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилчид тодорхой хуваарийн дагуу ажиллаж байгаа. Гэсэн ч байгууллагынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс гэрээсээ ажиллаж байгаа хэдий ч хүн бүр сэтгэл гарган, судалгаа шинжилгээ бүхий шилдэг санал санаачилгуудыг ийнхүү гаргаж чадлаа. Удахгүй шилдэг бүтээлүүдийг цувралаар танилцуулах болно.