“ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” 12 БА 24 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

9 сарын 14-ний өглөөний 10:00 цагт гараагаа эхэлсэн “Өөрийгөө Ялах” 24 цагийн гүйлт оройны 22 цагт эхэлсэн 12 цагийн гүйлтийн тэмцээн өнөө өглөө 10 цагт зэрэг барианд орж амжилттай өндөрлөлөө.
Тус тэмцээнийг Шри Чинмойн Марафаны Баг, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран зохион байгуулж явуулсан ба энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн манай орны хэт холын зайн гүйлтийн, хамгийн холын зайн гүйлтийн тэмцээний төрөлд ордогоороо онцлог юм.
Гүйгчдийн тэсвэр хатуужлыг шалгасан тус тэмцээнд нийтдээ 30 тамирчин оролцсон ба гүйгчид 21-49 насны эрэгтэй, эмэгтэй, 50-с дээш насны эрэгтэй, эмэгтэй 12, 24 цагийн гүйлтийн, нийтдээ 8 ангилалд хурд хүчээ сорьлоо.
Эрдэнэт хотын Хангарьд клубын тамирчин Спортын мастер Б.Буджаргал 24 цагийн 21-49 насны эрэгтэй ангилалд 179,49 км гүйж, тэмцээний дээд амжилтын өмнөх эзэн Б.Хадбаатарын 2009 онд гүйсэн 168 км зайг шинэчлэн тогтоож уг тэмцээний шинэ, дээд амжилтын эзэн болж гүйлт сонирхогчидыгоо баясган тэмцээнийг улам сонирхолтой болгожээ. Тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйлтийн 930 метрийн тойргоор явагдсан ба тэмцээний зохион байгуулагчид гүйгчидийн гүйх ая тухтай нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллажээ.
Ийнхүү энэ амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12,24 цагийн гүйлтийн тэмцээн 9 дэх удаагаа зохион байгуулагдан өндөрлөлөө.
24 цагийн гүйлтийн 21-49 насны ангилалд: эрэгтэйгээс Эрдэнэтийн Хангарьд клубын тамирчин спортын мастер Буджаргал 179,49 км, эмэгтэйгээс ЧД-ийн 61-р сургуулийн багш Ц.Алтансувд 107,88 км, 50-аас дээш насны ангилалд Шри Чинмойн марафоны багийн тамирчин С.Ганхүү 135,76 км, эмэгтэйгээс тус багийн Д.Баярсайхан 115,32 км -ийн амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн байна.