Голт Бор

 

Голт бор /Lilac/ 2,5-4,5 метр өндөр ургадаг. Гоёмсог сайхан цэцгээрээ дэлхийн олон орны хүмүүсийн анхаарлыг татдаг. Ган болоод хүйтэнд тэсвэртэй, гэрэлд дуртай, анхилуун үнэртэй, 40-50 жил насалдаг гоёл чимэглэлийн сөөг юм.

Навч: Навчны ирмэг нь бүтэн, зуйвандуу хэлбэртэй, 6-12 см урт, 3-8 см өргөн, хар ногоон өнгийн навчтай.

Цэцэг: Цэцэгний диаметр 1 см, баг цэцэг нь 10-20 см урттай, хөх ягаан, цагаан өнгийн цэцэгтэй. 4 наснаас эхлэн цэцэглэж ургадаг. 6 сарын дундаас 7 сарын сүүл хүртэл цэцэглэдэг.

Цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас, төгөл байгуулахад тохиромжтой. Үрээр тарьж ургуулдаг, үр жимс нь 10 сард боловсорно.

Голт бор нь харьцангуй том хэмжээтэй бутлаж ургадаг тул хооронд нь 2-3 метрийн зайтай тарина. Тариалах талбай нь энгэр ээвэр газар байвал тохиромжтой. Суулгах нүхийг 50*50, 60*60 хэмжээтэй ухаж бэлтгэнэ. Усалгааг нэг удаадаа 50-60 литр усаар тооцож усална. Ургалтын хугацаа нь манай орны нөхцөлд 5 сарын эхнээс 10 сар хүртэл ургана.