Байгаль хамгаалдаг ид шидтэй бургас

 

Байгаль хамгаалдаг ид шидтэй Бургас

Бургасыг /Salix/ цөлжилттэй тэмцэх, сааруулах зорилгоор Монголд төдийгүй дэлхийн олон оронд тариалдаг билээ.  Бургас нь 8-10м өндөр ургадаг. Гол иш нь саарал өнгөтэй, навч нь зууван, цэцгийн дагавар хайрс нь жигд шар ногоон өнгөтэй, 5 дохиуртай. Хавар эрт нахиалдаг, нахиалсан үедээ үзэсгэлэнтэй,сайхан үнэртэй байдаг. 

Навчлахаасаа өмнө 4-р сарын сүүлээр хөөж эхлэн 5-р сард задарч цэцэглэдэг. Эр цэцгийн молцог нь 2-7 сантиметр, эм цэцгийн молцог нь 1-6 сантиметр урттай байдаг.

Бургасыг мөчрөөр үржүүлэх арга үр дүн сайтай ба үндэслэсэн мөчрийг 1-2 жил бойжуулах талбайд торниулаад дараа нь байнгын талбайд шилжүүлж суулгана. Жилд 60 сантиметр нэг суулгацаас 5-20 ширхэг салаалж ургадаг. Салаа бүр нь 1.5-2.5 метр хүртэл урт ургана. Хөрсний гүнд усны нөөц бүхий газар тариалж болно. Хавар эрт соёолж үрээ цацдаг. Ногоон байгууламжид ганц нэгээр болон хэсэг бүлгээр суулгахад тохиромжтой.

Бургас хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм.

  • Цөлжиж буй бүс нутгийг сэргээх
  • Говь, хээр тал нутгийг ногооруулах
  • Ширгэж байгаа болон ширгэсэн гол мөрний сав нутагт тариалан усны нөөцийг нэмэгдүүлэх
  • Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх
  • Уул уурхайн нөхөн сэргээлт хийх, байгаль орчныг хамгаалах
  • Хөрс болон усыг цэвэршүүлэх зэрэг экологийн хувьд өндөр ач холбогдолтой мод юм.