Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр. Энэ өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ дээр НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар “Гэр бүлийн төгөл” бий болж, нээлтээ хийн эхний ээлжийн моднуудаа тарьлаа. “Гэр бүлийн төгөл”-ийн нээлтэд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч, Хурлын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат, НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа болон ажлын албаны бүрэлдэхүүн оролцлоо.
НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: “Гэр бүл гэдэг нийгмийн сайн сайхныг бүрдүүлэгч гол хэсэг. НИТХ-ын эмэгтэй гишүүд өөрсдийн санал санаачилгаар манай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д ийм сайхан төгөл байгуулж өгч байгаад баяртай байна. Улс орныг соён гэгээрүүлж, эвийг эрхэмлэхэд чухал үүрэгтэй шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүд нэгдэж, хүмүүнлэг энэрэнгүй олон ажил хийж байгаагийн нэг нь энэ юм. Гэр бүл бүхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочлохдоо энэ төгөл дээр ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Ийнхүү нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хаврын мод тарилтын өдрүүд албан ёсоор эхэлж, иргэд, аж ахуйн нэгжүүд хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 30-аас дээш хүн бөөгнүүлэхгүйгээр мод тарьж байна. Өнөөдрийн хувьд байгаль дэлхийдээ хайртай, экологид ээлтэй иргэд гэр бүл, хамт олноороо ирж 200 орчим мод тарьлаа.
#Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн
#Хайрлаж_ургуулсан_10_жил
#National_Garden_Park