БЯЦХАН СУРАГЧИД МОД ТАРЬЛАА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ дээр иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан  хаврын мод тарилтад оролцсоор байна. Тавдугаар сарын 19-ны лхагва гаригт Монгол дахь Энх тайвны корпус 30 ширхэг голт бор, “Шинэ Монгол” дунд сургуулийн 5-р ангийнхан 31 ширхэг голт бор, иргэн А.Соёл-Эрдэнэ  Тэхийн шээг, иргэн Н.Анар 3 шар хуайс тарьсан бол Б.Санжаагийн үр хүүхдүүд нийлэн Гүйлс, Чацаргана, Хайлаас нийт 21 ширхэгийг тарьлаа.

“Шинэ Монгол” дунд сургуулийн багш н.Хишигжаргал өнөөдрийн мод тарих арга хэмжээг дүгнэж хэлэхдээ: “5-р ангиа төгсөж байгаа сурагчдын маань хувьд зөвхөн бага боловсрол эзэмшиж байгаадаа дурсгал үлдээж байгаа төдий биш байгаль дэлхийдээ хайраа түгээж, экологид ээлтэй хүн болох эхлэлээ тавьж байгаа явдал юм. Мөн бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгч, тусалж дэмжин найрсаг сайхан үйлчилсэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олондоо баярласнаа хэлье” гэсэн юм.

Нэг хүн 18 мод тарьж байж насан туршдаа амьсгалах агаараа эх дэлхийдээ төлдөг гэсэн үг бий. Амьсгалах агаараа цэвэр байлгахад хувь нэмэр оруулж буй хүн бүрт баярлалаа.