Худалдаа, үйлчилгээ эрхлэх
журам батлах тухай
Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хуулийн 10 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны ”Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” батлах тухай 7 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” батлах тухай оны 56 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд худалдаа, үйлчилгээ болон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах журмыг хавсралтаар баталсугай.
- Батлагдсан өдрөөс эхлэн энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга /Ү.Оюунзул/-д, Захиргаа, санхүү, маркетингийн хэлтэс /Б.Уянга/-т, Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтэс /О.Мөнх-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
- Энэ тушаал батлагдсантай холбогдуулж газрын даргын 2016 оны А/09 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.ЭРДЭНЭТУУЛ
Хянасан: ЗСМХ-ийн дарга Б.Уянга
Боловсруулсан: Гэрээний мэргэжилтэн Б.Алтансүх
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү журмын зорилго нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх, болон олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд байгууллагаас зохицуулалт хийж, удирдлагааар хангах, хяналт тавихад оршино.
1.2 Цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн талбайд худалдаа, үйлчилгээ болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах иргэд, аж ахуй нэгж, байгууллага нь энэ журмыг дагаж мөрдөнө.
1.3 Журмыг хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, байгууллагын Захиргаа, санхүү, маркетингийн хэлтэс, Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын хэлтэстэй хамтран хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллана.
1.4 Худалдаа, үйлчилгээ эрхлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах иргэд, аж ахуй нэгж байгууллага нь Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хуулийн 10 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны ”Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” батлах тухай 7 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” батлах тухай 56 дугаар тогтоол болон бусад холбогдох хууль, тогтоомжийг баримтлан үйл ажиллагаа явуулна.
ХОЁР. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1 Худалдаа, үйлчилгээ эрхлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах иргэд, аж ахуй нэгж, байгууллага нь дараах шаардлагыг хангаснаар тус байгууллагатай гэрээ байгуулж, зөвшөөрөгдсөн талбайд үйл ажиллагаа явуулна. Үүнд:
2.1.1 Худалдаа, үйлчилгээ эрхлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах иргэд, аж ахуй нэгж, байгууллага нь журмын 1.4-т заасан хууль, тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагаа эрхэлнэ.
2.1.2 Худалдаа, үйлчилгээ эрхлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах иргэд, аж ахуй нэгж, байгууллага нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын /цаашид “Цэцэрлэгт хүрээлэн” гэх/ талбайд худалдаа, үйлчилгээ эсхүл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах арга хэмжээний зорилго, чиглэлийг агуулсан хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа үйл ажиллагааны чиглэлийг тодорхой зааж, танилцуулгын материалыг хавсаргаж ирүүлнэ. Үүнд:
д/д |
Аж ахуй нэгж, байгууллага |
Иргэн |
1 |
Албан хүсэлт /үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон/ |
Албан хүсэлт /үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон/ |
2 |
Гэрчилгээний хуулбар /тусгай зөвшөөрөл/ |
Иргэний үнэмлэхний хуулбар |
3 |
Үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагын мэдээлэл |
Оршин суугаа хорооны тодорхойлолт |
4 |
Эрхлэх үйл ажиллагаанаас шалтгаалан харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт |
Үзүүлэх үйл ажиллагааны танилцуулга /фото хэлбэрээр/ |
5 |
|
Эрхлэх үйл ажиллагаанаас шалтгаалан харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт |
2.1.3 Цэцэрлэгт хүрээлэнгийн дотоод журам болон бусад хууль, эрх зүйн актыг зөрчөөгүй шаардлага хангасан байгууллага, иргэдтэй зөвшөөрөгдсөн талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газартай хамтран, эсхүл цэцэрлэгт хүрээлэн дангаар гэрээ байгуулна.
2.1.4 Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тавигдах шаардлагыг тухайн жилийн эхний улиралд сонгон шалгаруулалт зарлаж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай зөвшилцөж шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдийг сонгож, гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг олгон, гэрээт хугацаанд хамтран ажиллана.
2.1.5 Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах иргэн, хуулийн этгээд нь зорилго, чиглэл, хугацаа тодорхойлсон албан хүсэлтээ, үйл ажиллагаа явуулахтай холбогдсон танилцуулгын хамт байгууллагын захиргаанд ирүүлэх бөгөөд газрын даргын 2017 оны “Үйлчигээний хөлс тогтоох тухай” тушаалыг баримтлан, үйлчилгээний хөлсийг төлж, гэрээ байгуулна.
2.1.6 Цэцэрлэгт хүрээлэнд “Түргэн үйлчилгээний цэг” /цаашид ТҮЦ гэх/ ажиллуулах хүсэлтэй иргэн, хуулийн этгээдэд зориулсан сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан зарлах бөгөөд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах зөвшөөрөл олгоно.
2.1.7 Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд байрлах ТҮЦ нь өнгө, үзэмж ижил байхаас гадна галын аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг сайтар биелүүлж ажиллах бөгөөд өөрийн эзэмшлийн эргэн тойрны 30 хүртэлх метр талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчилгааг хариуцан ажиллах бөгөөд зориулалтын хогийн сав байршуулсан байна.
2.1.8 Худалдаа, үйлчилгээ болон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж буй иргэн, хуулийн этгээд нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн, хоол хүнсээр хангаж ажиллах ба гарал үүслийн бичиг, зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хуулиар хориглоогүй бараа, бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилнэ.
2.1.9 Олон нийтийг хамарсан арга хэмжээ болон худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандартыг сайтар хангах, цэцэрлэгт хүрээлэнгээс дагаж мөрдүүлэхээр баталсан дүрэм, журам болон байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлнэ.
2.1.10 Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэд нь үйл ажиллагаандаа зохистой дадалыг нэвтрүүлсэн байх бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, гарах үр дагаварыг өөрөө хариуцна.
ГУРАВ. ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1 Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд худалдаа, үйлчилгээ болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах талаар ерөнхий бодлогыг тодорхойлж, шинээр гарсан хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
3.2 Мэргэжлийн байгууллагуудтай хамтран гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдэд үзлэг, шалгалтыг явуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, үйл ажиллагааг зогсоож, гэрээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллана.
3.3 Сонгон шалгаруулалт зарлаж холбогдох хууль тогтоомж, чанар, стандартын шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдтэй тодорхой хугацаанд гэрээ байгуулан ажиллах бөгөөд жил бүр гэрээг дүгнэж зөрчил, илэрсэн тохиолдолд гэрээний хугацааг дуусгавар болгох эсхүл цаашид сунгаж ажиллахыг шийдвэрлэнэ.
3.4 Холбогдох хууль тогтоомж, чанар, стандартын шаардлага хангаж сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай тодорхой хугацааны гэрээ байгуулан ажиллаж, худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоож өгөх, цахилгаан эрчим хүч, хэрэглээний ус, ариун цэврийн өрөөний ажиллах журам, хог ачилтыг хуваарийн дагуу хийлгэх, ажиллах цагийн хуваарийг батлах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
ДӨРӨВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Худалдаа, үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага нь хууль тогтоомж болон энэхүү журамд заасан нөхцөл шаардлагыг хангаснаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, гэрээ байгуулж ажиллана.
4.2 Зохих шаардлага хангасан иргэн, аж ахуй нэгж байгууллага нь зөвшөөрөгдсөн талбайд гэрээ байгуулан ажиллах бөгөөд цахилгаан эрчим хүч болон үйл ажиллагаа явуулах бусад зүйлийг шаардах эрхтэй.
4.3 Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн эзэмшлийн талбайгаас 30 метр хүртэлх ногоон байгууламж, зам талбайн арчилгаа, үйлчилгээг хариуцан ажиллах, цэцэрлэгт хүрээлэнгийн зам талбай, ногоон байгууламжид хохирол учруулсан тохиолдолд хохиролыг нэн даруй барагдуулж ажиллана.
4.4 Холбогдох хууль болон хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг хэрэгжүүлээгүйн улмаас иргэн, аж ахуй нэгж байгууллагад хохирол учруулсан тохиолдолд буруутай этгээдээр төлбөрийг барагдуулж, дахин алдаа гаргавал гэрээг цуцална.
4.5 Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу өөрсдийн болон эд хөрөнгийн аюулгүй байдлаа хангаж ажиллана.
4.6 Шаардлага хангаж гэрээ байгуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллага нь гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу ажиллаж, өөр төрлийн үйл ажиллагаа давхар эрхлэхгүй байх.
4.7 Олон нийтийг хамарсан арга хэмжээ, худалдаа, үйлчилгээ зэрэг гэрээ байгуулан ажиллаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага нь цэцэрлэгт хүрээлэнгээс баталсан тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллаж, эрх бүхий байгууллага болон албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлнэ.
4.8 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, цэцэрлэгт хүрээлэнгийн эрх бүхий албан тушаалтан, ажилтан, албан хаагчдын тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд байгуулсан гэрээг цуцална.
ТАВ. ХОРИГЛОХ ЗҮЙЛС
5.1 Гэрээ байгуулж худалдаа, үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага нь хадгалах хугацаа дууссан, чанарын баталгаагүй, хаяг шошго нь тодорхой бус бараа, бүтээгдэхүүн болон хүнсний зүйл худалдаалах.
5.2 Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор хориглосон бараа, бүтээгдэхүүн /согтууруулах ундаа, тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл/ худалдаалах, стандартын шаардлага хангаагүй ажил, үйлчилгээ үзүүлэх.
5.3 Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч гэрээ байгуулсан тохиолдолд тус байгуулсан гэрээг бусдад худалдах, гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь илэрсэн тохиолдолд үндсэн гэрээг шууд цуцална.
5.4 Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ямар нэгэн үйл ажиллагааг байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрхлэх, үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд эрх бүхий байгууллагад шалгуулж, хариуцлага ногдуулах, бусдад учруулсан хохирлыг барагдуулж, хариуцлага хүлээлгэнэ.
ЗУРГАА. ХЯНАЛТ ТАВИХ
6.1 Энэхүү журмын хэрэгжилтэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс тус тус хамтран хяналт тавьж ажиллана.
6.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөн энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, нийтийн өмчийг эвдэж сүйтгэх, иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц үйлдэл гаргасан тохиолдолд харъяа дүүргийн Цагдаагийн байгууллагад мэдэгдэх буюу буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.3 Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд гэрээ байгуулан ямар нэгэн үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь харъяа дүүрэг болон мэргэжлийн байгууллагын албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг заавал биелүүлнэ.
6.4 Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт үйлчилнэ.