АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

2016/11/22   401

Нэг. Нийтлэг үндэслэл
 

1.1 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан албан хаагчийн ёс зүйн дүрмийн зорилго нь тус байгуулагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хуулийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн тэгш хандах, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж төрийн үйлчилгээг иргэн аж ахуй нэгж байгууллагуудад хүнд суртал чирэгдэлгүй үзүүлэхэд оршино.

1.2 Ёс зүйн хэм хэмжээ нь хууль дүрмээр олгогдсон эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хамт олон, нийгмийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогц юм.

1.3 Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд “Иргэдэд үйлчлэх” зарчмыг баримталж, иргэдийн сонирхол эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хөнгөн шуурхай ажиллагаанд ажилчин албан хаагчдыг сургах, тэднийг хөгжүүлэх, иргэдэд шаардлагатай мэдээлэл зөвлөгөөгөөр хангах үүднээс мэдээллийг бий болгох, дамжуулах чадвартай болгоход хүний нөөцийн бодлогыг чиглүүлж ажиллана. 

Хоёр. Ажилчин албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ


Ёс зүйн хэм хэмжээг албан тушаал дэвших, шагнал урамшил олгох, сахилгын шийтгэл оногдуулахад харгалзан үзнэ. Ажилчин албан хаагч нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн доорх хэм хэмжээг мөрдөн ажиллана.

2.1 Үндсэн хууль бусад хууль тогтоомж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа дүрэм зааврыг чанд биелүүлж нийслэл болон байгууллагаас зохион байгуулж байгаа ажилд идэвхи санаачлагатай оролцох

2.2 Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг бүрэн биелүүлж, төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж биелэлтийг эргэж мэдэгддэг байх

2.3 Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журманд заасны дагуу ажлын цагийг бүрэн үр бүтээлтэй ашиглах

2.4 Хамтран ажиллагсдынхаа нас, хүйс, албан тушаал, мэдлэг туршлагаар нь ялгаварлахгүйгээр хүндэтгэлтэй харилцах

2.5 Ажлын туршлага мэдлэг боловсролоо бусадтай хуваалцан байгууллагын эрх ашгийг нэн түрүүнд тавьж, хамт олны эв нэгдлийг дээдлэх

2.6 Ажлынхаа гүйцэтгэл үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх

2.7 Байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдаж хууль бус, шударга бус явдалтай эвлэрэшгүй байж бусдыг манлайлж ажиллах

2.8 Ажилчин албан хаагч байгууллагаас зохион байгуулж буй хурал зөвлөгөөн, арга хэмжээнд оролцохдоо бусдын яриаг тасалж яриан дундуур орох, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг үл хүндэтгэх зэрэг зохисгүй байдал гаргахгүй байх

2.9 Албан үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллага хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр гаргах



Гурав. Ажилчин албан хаагчдад хориглох зүйл
 

3.1 Албан тушаалаа хувийн зорилгод ашиглах, албан үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан шан харамж, бэлэг бусдаас авах

3.2 Хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх, хамт олон иргэдтэй харьцахдаа бүдүүлэг үг хэрэглэх, харааж доромжлох

3.3 Төсвийн хөрөнгө мөнгийг хууль бусаар завших, зориулалтын бусаар ашиглах

3.4 Албан ажлын холбогдолтой мэдээллийн санг хувийн зорилгоор ашиглах

3.5 Байгууллагын эд хөрөнгө техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглах

3.6 Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, албан өрөөнд тамхи татах, этгээд байдлаар хувцаслах

Дөрөв. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх

Ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдлийг хэлнэ.

 4.1 Ёс зүйн зөрчлийг дараах үндэслэлээр шалгана.
 

  1. Байгууллага иргэдээс гаргасан өргөдөл гомдол мэдээлэл
  2. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн
  3. Шаардлагатай гэж үзвэл удирдлагын санаачлагаар 
  4. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн

4.2 Ажилчин албан хаагчдын ёс зүйн байдалд албаны дарга нарт хяналт тавьж зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах саналаа даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.