Mongolia Work day: 08:00-23:00

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТАА ЗАХЫН ГУРВАН ДҮҮРЭГТ ХИЙЛЭЭ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженерүүд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж, ногоон байгууламжийн чиглэлээр сургалт хийлээ. Ингэснээр тухайн дүүргүүдэд хамгийн хэрэгцээтэй байгаа сэдэв болох мод сөөг тарьж арчлах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаарх мэдлэгийг дүүргийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст өгсөн юм. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан хийсэн энэхүү сургалтаар модыг үр байхаас нь боловсруулж, нас бие гүйцтэл нь арчлан ургуулах аргачлал болон зүлэг, цэцэг тарих талаар манай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мэргэжлийн хамт олон зааж чиглүүлж өглөө. Ийнхүү ногоон байгууламжийн сургалт хийж, практик дадлагыг газар дээр нь хийлгэсэн нь цаг үеэ олсон, үр дүнтэй ажил болсныг дүүргийн удирдлагууд онцолж байлаа. Мөн энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул мод бойжуулж, тарьц суулгацаа бэлдэх, мод үржүүлгийн газар байгуулах ажилд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон дэмжин ажиллаж байгаа. Энэ хүрээнд ногоон байгууламжийг арчлах талаарх цогц сургалтыг үндэсний хэмжээнд хийж, санаачилга өрнүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2021 онд Орхон, Баянхонгор, Архангай, Хэнтий аймаг зэрэг аймгуудад цэцэрлэгт хүрээлэн байгуулах зөвлөмжийг өгч ажилласан. Тэгвэл он гарсаар нийслэлийн бүх дүүрэгт энэ чиглэлийн сургалтыг хийх төлөвлөгөө гаргасны дагуу ийнхүү захын дүүргүүдээс эхэллээ. Үргэлжлүүлэн ковидын нөхцөл байдлыг харгалзан үлдсэн дүүргүүдэд тодорхой хуваарийн дагуу ногоон байгууламжийн цогц сургалтаа хийх юм.