“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ өвлийн улиралд цэвэр агаарт алхах иргэд, чаргаар гулгахаар зорин ирсэн хүүхэд багачууддаа зориулан “Цасхан” гулгуурын талбайнхаа урд анх удаа бичил мөсөн хотхоныг байгууллаа. Мөсөн тоглоомуудыг хийх төсвийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шийдвэрлэж, уран сийлбэрч Д.Цэрэнбат урласан юм. Улирагч 2021 он болон айлчлан ирсэн 2022 оныг төлөөлсөн хоёр өвлийн өвгөн, мөн шинэ жилийн бэлгэдэл бүхий мөнх ногоон гацуурыг урлахдаа нуурын цэнгэг уснаас гаргасан мөс ашиглаж, нийт 4 шөнийн турш сийлсэн. Сийлбэрч Д.Цэрэнбат нь 2001 оноос хойш төв талбай дахь мөсөн хотхон мөн “Скай ресорт” цанын бааз, Хөвсгөл нууран дээрх “Хөх сувд” хотхон зэрэг олон мөсөн бүтээн байгуулалтуудыг хийж олны нүдийг хужирлаж байсан туршлагатай. Мөн БНХАУ-ын Харбин хотод болсон мөсөн сийлбэрийн тэмцээнд 2009 оноос хойш амжилттай оролцож нийт 3 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн авьяаслаг сийлбэрч юм.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ маань ийнхүү гэрэлтүүлэг бүхий мөсөн тоглоомуудтай болсноор “Цасхан” талбайд өнгө нэмж, чаргаар гулгахаар зорин ирсэн бяцхан зочдын нүд, сэтгэлийг баясган, инээд хөөр бэлэглэж, хайртай хүмүүсийнхээ хамтаар зургаа татуулах орчин бүрдсэнд баяртай байна.
Leave your comment