Mongolia Work day: 08:00-23:00

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ИНЖЕНЕРҮҮД БАЯНХОНГОР АЙМАГТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын удирдлагууд болон инженер техникийн ажилчид Баянхонгор аймагт ажиллаад ирлээ. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ” мод үндэсний хөдөлгөөнд Баянхонгор аймаг нэгдэж байгаа юм. Энэ хүрээнд тус аймгийн урилга, хүсэлтийн дагуу үндэсний хэмжээнд жишиг болсон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн удирдлагууд болон инженер техникийн ажилчид "Ногоон байгууламж бүтээх" болон "Мод тарьж, арчилж ургуулах" сэдвийн хүрээнд ногоон байгууламжийн тухай цогц сургалтыг 2 үе шаттай зохион байгууллаа. Ингэснээр манай хамт олон ногоон байгууламж, арчилгааны чиглэлээр 5 дахь аймагтаа очиж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн гэсэн үг юм.

Эхний ээлжийн сургалтад Баянхонгор аймгийн “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид оролцсон бол 2-р ээлжийн сургалтад иргэд, албан байгууллага аж ахуй нэгжийн 100 гаруй төлөөлөл хамрагдсан юм.

"Мод тарьж, ногоон байгууламж байгуулахын тулд сайтар төлөвлөж, судалгаатай эхлүүлэх шаардлагатай. Түүнчлэн тарьсан модоо арчлах мэргэжлийн бөгөөд мэргэшсэн арчилгааны багтай, тодорхой төсөв хөрөнгө шийдэж байж амжилттай хэрэгждэг ажил юм" гэдгийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул онцолж байлаа.

“Тэрбум мод” тарихын тулд иргэд өөрсдөө ногоон байгууламжийн тухай маш сайн ойлголттой, мэдлэгтэй байж, экологийн боловсролыг сайтар эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай байна.

Байгаль дэлхий, тарьсан модоо хайрладаг, хамгаалах сэтгэлтэй байвал бид тэрбум модыг ургуулж чадах юмаа гэдгийг мөн сургалтын үеэр уриаллаа.

Түүнчлэн Баянхонгор аймгийн мод тарьж, арчилж ургуулах ажлыг эхлүүлсэн баг хамт олныг “Үндэсний цэцэрлнгт хүрээлэн”-гийн хамт олны зүгээс үргэлж дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД-

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.

Leave your comment