“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн намрын мод тарилт “Бидний тарих тэрбум мод таны тарих нэг модноос эхэлнэ” уриатайгаар 2021 оны 10-р сарын 09-нөөс 10-р сарын 22-ныг дуустал үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Энэ намрын мод тарилтаар 11 төрөл зүйлийн 3300 гаруй мод сөөгийг 100 гаруй албан байгууллага, хувь хүн тарьж нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үйлсэд хувь нэмрээ орууллаа. Тухайлбал, НИТХ-ын ажлын алба, НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл, Нийслэлийн татварын алба, Үндсэн хуулийн цэц, Үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг, ЦЕГ-ын шуурхай удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, ЦЕГ-ын тусгай ажиллагааны алба, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, “Эрдэнэс таван толгой” ХК, МУБИС, “Отгонтэнгэр” их сургууль, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн зарим хороод гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхи санаачилга гарган, хамт олноо уриалан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж мод тарисан юм.
Түүнчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарих хүсэлтэй, сайн үйлсэд бусдыгаа уриалсан, дагаж дэмжсэн олон олон иргэн, хувь хүмүүс гэр бүл, хамт олноороо ирж тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2030 он хүртэл тэрбум мод тарих санаачилга гаргаж байгаагаа НҮБ-ын индэр дээрээс зарласан нь байгууллага, хувь хүн бүрийг байгаль экологийн өмнө үүрэг хүлээлгэн, мод тарих сэдэлд хөтөлж чадсан.
Ийнхүү хүн бүрийн оролцоо нэмэгдэж, сэтгэлгээ өөрчлөгдсөн нь энэ жилийн намрын мод тарилтын нэг онцлог болж чадлаа.
Гэхдээ мод тарьж ургуулна гэдэг нь яг л хүүхэд өсгөхтэй адил нарийн үе шаттай ажил байдаг. Өөрөөр хэлбэл, мод тарилтыг 100 хувь гэж үзвэл суулгацыг бортогоноос салгаж, нүхэнд суулгах нэг хувь, үлдсэн 99 хувь нь арчилгаа байдаг гэдгийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон үргэлж захиж, зөвлөж байлаа.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ өнгөрсөн 11 жилийн хугацаанд нийт 32 төрөл зүйлийн 140 мянган ширхэг мод сөөгийг 98,5 хувийн амьдралтайгаар ургуулан нийслэлийн ногоон байгууламжийн 25 хувийг дангаараа бүрдүүлж чадсан амжилттай хамт олон юм.
Та бүхний сэтгэлээ шингээж тарьсан модыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилсаг хичээнгүй албан хаагчид жилийн дөрвөн улирлын турш усалж, арчилж ургуулах болно. Энэ намар мод тарьж амжаагүй ч мод тарих хүсэлтэй аж ахуй нэгж, иргэд бүхэн хаврын мод тарилтаар бидэнтэй холбогдож мод тарих нэгэн хүслээ биелүүлээрэй.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД
ТАНЫ ТАРЬСАН НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.