Намрын мод тарилтын үеэр ХААИС-ийн анхны төгсөгч, доктор Д.Дэнсмаа өөрийн тарьж ургуулсан цагаан Цээнэ цэцэг, чимэглэлийн Буйлс модны суулгацыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олонд бэлэглэсэн юм.
Тэрээр чин сэтгэлээсээ хайрлаж ургуулсан мод, цэцгээ үндэсний хэмжээнд цор ганц байгаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд үржүүлэн ургуулж, хүүхэд хөгшдийг баярлуулан, олон мянган хүний мэлмийг баясгах цагаан хүсэл өвөрлөн Дархан-Уул аймгаас ирж, бэлэг болгон өгсөн юм. Тэрээр “”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон бол ногоон байгууламжийг найдвартай арчилж, тарьж ургуулдаг мэргэшсэн хамт олон. Тийм учраас өөрийн гараар тарьж ургуулсан эдгээр ховор нандин мод, цэцэгсийг маань улам олон болгон үржүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэдгийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзулд гардуулан өгөхдөө хэлж байсан юм.
Цагаан цээнэ цэцэг бол Монгол улсын улаан номд орсон, зарим тохиолдолд эмчилгээний зориулалтаар ашигладаг олон наст, гадаа талбайд ургадаг, маш үзэсгэлэнтэй цэцэг юм. Харин Буйлс мод нь уул толгодын хад чулуутай энгэр, захаар тархан ургадаг гоёл чимэглэлийн мод юм. Ягаан, ягаавтар өнгийн давхар дэлбээтэй цэцэг дэлгэрдэг. Үр жимс нь бидний сайн мэддэгээр Алмонд самар юм. Сүүлийн үед энэхүү модыг ихэвчлэн гоёл чимэглэлийн зориулалтаар албан байгууллага айл өрхийн хашаанд тарих нь элбэгшсэн. Хавартаа цэцэглэхээрээ маш ганган харагддаг сарнайтан овгийн ургамал юм.
Байгаль дэлхийгээ чин сэтгэлээсээ хайрладаг, тусч өгөөмөр Д.Дэнсмаа танд баярлалаа.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД
ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.