Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа эзэлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөгт амжилттай оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, өвөлжилтийн бэлтгэл хангуулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж байгаа. Энэ хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулаад зогсохгүй ногоон байгууламжийн чиглэлээр иргэдэд мэдээлэл өгсөн юм.
Бүх нийтийн мод тарих өдөр жил бүрийн 10-р сарын эхний долоо хоногт тохиодог. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хувьд ч намрын мод тарилтаа энэ сарын 9,10-ны өдрүүдэд тэмдэглэхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамгийн их үүрэг оролцоотой байх байгууллагын хувьд илүү хичээн ажиллах ёстой гэдгээ энэхүү өдөрлөгийн үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэлж байлаа. Иймдээ ч энэ удаагийн намрын мод тарилтыг “Бидний тарих тэрбум мод Таны тарих нэг модноос эхэлнэ” хэмээх уриан дор тэмдэглэх юм. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн харьяа 100 орчим байгууллага оролцож, тодорхой хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл хүргэж байна.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД
ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.