Mongolia Work day: 08:00-23:00

Мод тооллогын ажил эхэллээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 2021 оны мод тооллогын ажил эхэллээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 2021 оны мод тооллогын ажил эхэллээ. 

Жилдээ нэг удаа хийдэг энэхүү мод тооллого нь хавар тарьсан мод сөөг, ургамлынхаа элэгдэл хорогдол, ургалтын явц, амьдрах чадварыг нь шалгаж, ургуулсан моддоо төрөл зүйлээр нь нэг бүрчлэн тоолж нягталдаг чухал ажил юм.  

Эдгээрээс хашлага мод болох Шар хуайс, Тэхийн шээг, Хайлаас зэрэг моддыг нэг метр тутамд 10 орчим мод гэж тооцож тоолдог бол бусад Монос, Гацуур, Шинэс, Нарс гэх мэт чимэглэлийн том мод, бут сөөгийг ширхэг бүрээр нь тоолдог юм. Тооллогын ажил ойролцоогоор 7-10 хоног үргэлжилж,  бүх модныхоо элэгдэл хоргодол, ургалтыг нь тооцоолох юм. 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженер техникийн ажилчид 10 гаруй жилийн турш хайрлан хамгаалж ургуулсан мод сөөг, ургамлуудаа өдөр бүр арчилж услан, тордолгоо цэвэрлэгээг хийсээр ирсэн.

Тиймээс манайхаар үйлчлүүлэгч иргэд та бүхнийг ажилч хичээнгүй хамт олны маань хөдөлмөрийг хүндэтгэж, нэг ч гэсэн модыг хугалахгүй хайрлаж хамгаалан, нийслэл хотынхоо ногоон ирээдүйн төлөө бусдадаа шаардлага тавьж хамтарч ажиллахыг уриалж байна. 

Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж, Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаараа жишиг болсон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өнөөдрийн байдлаар 32 төрөл зүйлийн 140 мянга гаруй мод, сөөг 98,5 хувийн амьдралтайгаар ургаж байгаа юм.  

#Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн

#Хайрлаж_ургуулсан_10_жил

#National_Garden_Park

Leave your comment