Mongolia Work day: 08:00-23:00

"ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-ГИЙН ИНЖЕНЕРҮҮД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛААД ИРЛЭЭ

Архангай аймгийн 100 жилийн ой 2023 онд тохионо. Тус аймгийн удирдлагууд түүхт 100 жилийн ойгоо угтаж бүтээн байгуулалтын олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Эдгээр ажлын хүрээнд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотыг цэцэрлэгжүүлж, 21.000 мод сөөг тарьж ургуулах ба цаашлаад аймгаа ногоон аймаг болгох ажлыг улам өргөжүүлж, аймагтаа мод үржүүлгийн газар байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Байгаль орчинд ээлтэй энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дэмжиж, үндэсний хэмжээний жишиг болсон

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д хамтран ажиллах урилгыг ирүүлсний дагуу Ү.Оюунзул даргаар ахлуулсан манай инженер, техникийн баг хамт олон мод үржүүлэг, ногоон байгууламж байгуулах тухай сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө мэдээлэл өглөө. Манай байгууллагын зүгээс зөвхөн сургалт, зөвлөгөө өгөөд зогсохгүй мод тарих, арчилж ургуулах бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон хамтран ажиллахаар боллоо.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн баг хамт олноос туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтүүд олон аймаг, нийслэлийн дүүргүүдээс ирсээр байгаа. Бид одоогийн байдлаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн “National garden of Mongolia” төслийн ашиглалтын өмнөх захиргааны хамт олон, Орхон аймгийн “Эрдэнэт” хүрээлэн, Архангай аймгийн удирдлагуудын хүсэлтийг хүлээн авч сургалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажиллаа.

Хүсэлт гаргасан аймаг бүр дээр очиж ажиллах боломжгүй тул ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу өөрсдийн туршлага, мод бут тарих арчлах арга зүйн мэдээлэл зөвлөгөөг өгч, тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгч боломжоороо хамтарч ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Улс орны хөгжил дэвшил “Ногоон ирээдүй”-г дэмжсэн бүх үйл ажиллагааг манай байгууллага дэмжин, хамтран ажиллаж байна.