“НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТ”-ЫГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ХИЙЛЭЭ
“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” -гийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд нэгдсэн. Энэ хүрээнд нийслэлийн бүх дүүргүүдэд тодорхой хуваарийн дагуу “НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТ” хийж байгаа билээ. Алслагсан 3 дүүрэгт энэхүү сургалтаа амжилттай хийсэн манай хамт олон үргэлжлүүлэн төвийн дүүргүүд дээр сургалтаа хийсээр байна. Хамгийн эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн Засаг даргын тамгын газрын хамт олон халуун дотноор хүлээн авч, хамтран ажилласан юм.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженер, техникийн ажилчид тус дүүрэгт хийсэн “НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТ”-ыг заал, онлайн хосолсон хэлбэрээр явууллаа. Тарьж ургуулсан мод сөөг, ногоон байгууламжийг амжилттай арчлах талаарх 12 жилийн туршлагаасаа хуваалцан, модыг хэрхэн зөв тарьж ургуулах, арчлах тухай аргачлалыг түгээх нь энэхүү сургалтын гол зорилго юм.
НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул “Мод тарих амархан, тарьсан модоо арчлах нь хамгийн чухал. Тиймээс хүн бүр энэ талаар ойлголттой болж, экологийн боловсролоо нэмэгдүүлээсэй” гэдгийг сургалтын эхэнд онцолж байлаа. Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, доктор С.Сайнбаяр сургалтын дараа талархаж хэлсэн үгэндээ “Тархиндаа үр суулгаагүй хүн газарт мод тарихгүй” хэмээсэн юм.
“НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТ” дүүргүүдэд амжилттай үргэлжилсээр байна.
Leave your comment