Mongolia Work day: 08:00-23:00

Greetings

АМЬДРАЛЫН ЭХ УС

УСНЫ ЭХ МОД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ын индэр дээрээс  2030 он гэхэд “МОНГОЛЧУУД БИД ТЭРБУМ МОД ТАРИНА” хэмээн дэлхий нийтэд зарлаж, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн хүнд асуудал болох дэлхий ертөнцийн оршин тогтнолд шууд нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр ИХ ОЙГ БИЙ БОЛГОХ ажлыг эхлүүлсэн.

Зарим хүмүүс мод тарих нэгдүгээрт гэж үү хэмээн гайхаж бас үгүйсгэж асууж байна. Дэлхийд бичиг үсэг тайлагдсан үзүүлэлтээрээ дээгүүр эрэмбэлэгддэг Монголчууд бидний хувьд сүүлийн хоёр жил, магадгүй цаашид хүн төрөлхтний бие, сэтгэлийг зовоож буй Ковид 19-ын цар тахлын үүсэл гарал нь бид байгаль дэлхий, ан амьтадтайгаа буруу харьцсанаас үүдэлтэй гэдгийг ойлгоно биз ээ.

Монгол Улсын нийт газар нутгийн 76,9 хувь буюу 120,0 га талбай цөлжилттэй, 45,2 хувь нь хүнд болон нэн хүнд цөлжилттэй, 7,9 хувийн ойн сантай байгаа цаг үед амьдарч буй бид зөвхөн амин хувиа хичээж, одоо цагтаа амьдарч болохгүй. Алдсан цаг хугацаагаа нөхөж, энхрий бяцхан үрс, ирээдүй хойч үедээ амьсгалах агаар, амьдрах орчин, идэх хоол үлдээхийн тулд мод тарьж, ургуулах ажлыг эхлүүлж байгаа нь алсыг харсан, цагаа олсон, хамгийн зөв ажил байсан гэж хэлж болно. Том утгаар нь харвал байгаль дэлхийгээ хамгаалж, ногоон хөгжлийг бодитой дэмжсэний үр дүнг ирээдүй цаг дүгнэж, бидэнд талархана гэдэгт итгэлтэй байна.

2021 оны 11-р сарын 15-ны өдөр “ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” болж, салбарынхан нутгийн удирдлагуудын хамт цуглав. Нутгийн удирдлагууд цуглаж, хэдэн өдөр ногоон хөгжлийн тухай хэлэлцэж байгаа нь учиртай. Мод тарьж, ургуулах, ногоон байгууламж бий болгох ажил бодлогын төвшинд ойлголт, дэмжлэггүйгээр аймаг, суманд урагшилдаггүй юм байна гэдгийг манай хамт олон таван аймаг ажиллахдаа харсан. Мод тарьж, ургуулсан амжилтыг дарга нарын ажлыг дүгнэх үзүүлэлтийн нэг болгов. Энэ нь цаанаа манай салбарт туйлын ач холбогдолтой сонсогдож, баярлаж сууна.

Байгаль орчны салбар сүүлийн жилүүдэд бодлогын томоохон дэмжлэггүй, салбарын удирдлага нь тогтворгүй явж ирсэн … “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН өрнөж эхэлснээр манай салбар сэргэх чимээ сонсогдсонд маш их баяртай байгаа.

Олон хүн асуудаг … Тэрбум мод тарих боломжтой юу гэж. ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ОЙЖУУЛАЛТ /306 мянган га талбайд/ болон АГРО-ОЙЖУУЛАЛТААР /293 мянган га талбайд/ гэсэн арга замаар тэрбум мод тарих төлөвлөгөөг гаргаж ажиллаж байгаа гэдгийг салбарын удирдлагууд танилцуулсан.  Тэгвэл бид юунаас ажлаа эхэлж, яаж үргэлжлүүлэх ёстой вэ гэдэг дээр өөрийн саналыг илэрхийлэх гэсэн юм.

1. ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ БҮХ НИЙТЭД ОЛГОХ. Хэрхэн мод тарьж, арчлан ургуулах тухай зөв мэдлэг, мэдээллийг өгөхгүйгээр шууд мод тариулж эхэлнэ гэдэг бол маш том алдаа. Байгалийн өмнө нүгэл үйлдээд зогсохгүй, санхүүгийн хувьд эрсдэл хийж байна гэсэн үг. Тиймээс Ковид 19 цар тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээллээр бөмбөгдөж байсан шигээ тэрбум мод тарьж, арчлан ургуулах ажлыг хийхийн тулд найман настай балчраас наян настай бууралдаа хүртэл бүх нийтийн экологийн боловсролыг шат дараалалтай олгож байж ажлынхаа цөм рүү орох нь зөв.

2. САЛБАРЫНХАН МАНЛАЙЛАХ ЦАГ ИРЛЭЭ. 2016 оноос хойш энэ салбартай ажил, амьдралаа холбосон хүний хувьд ажиглахад байгаль орчин, экологийн салбарын мэргэжил эзэмшсэн хийгээд, мэргэшсэн хүмүүс мэргэжлийн амбиц багатай, ярьдаг биш хийдэг, даруу хүмүүс байдаг юм байна. Одоо цагт ийм байдалтай байж болохгүй, их ажлыг хөдөлгөх гол хүч бол мэргэжлийн бөгөөд мэргэшсэн боловсон хүчин, тэдний манлайлал юм. Тэд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээ, туршлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч, удирдлагыг гартаа авах цаг нь болсон гэж харж байна.

3. СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ НЬ ЧУХАЛ. Мод тарьж, ногоон байгууламж бүтээх газраа сонгохдоо хөрсний онцлог, орчныг судалж, шинжлэх ухаан, эдийн засаг, дэд бүтцийн тооцоолол хийж, төлөвлөлт зураг гаргаж, зургийн дагуу тарилт хийх дарааллаар ажиллах нь зүйтэй. Сэтгэл хөдлөлөөр битгий хандаж, чанарт биш тоонд хэт өндөр ач холбогдол өгөөрэй гэж уриалмаар байна.

4. ТЭРБУМ МОД ТАРИХАД ТЭРБУМ ТАРЬЦ, СУУЛГАЦ ХЭРЭГТЭЙ. Мод тарьж, арчлан ургуулахад түүнийг дагасан олон салбар хөгжиж, ЖДҮ дэмжигдэж, ажлын байр бий болно. 2021 оны байдлаар ДНБ-ний 0,39 хувийг эзэлж байгаа бол цаашид 1 хувьд хүргэх зорилт тавьжээ. Үүний дотор мод үржүүлгийн газар, хүлэмжийн аж ахуйг онцолж байна. Одоо байгаа мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг бодлогын төвшинд буюу эрхзүй болон эдийн засгийн талаас нь дэмжин тусалж, шинээр мод үржүүлгийн газруудыг байгуулах ажлыг нэн даруй эхлэх хэрэгтэй. Үрээр суулгац бэлдэхэд дунджаар 3 жилийн хугацаа хэрэгтэй байдгийг мартаж болохгүй. Хүрээлэн 4 га болон 10 га талбайд хоёр мод үржүүлгийн газар шинээр байгуулах ажлыг 2022 онд эхлүүлэхээр төсөл дээрээ ажиллаж байна.

5. МОД ТАРИХ БИШ МОД ТАРЬЖ, АРЧИЛАН УРГУУЛАХ ЮМ. Ухсан нүхэнд суулгац хийгээд, шороогоор булж, хувинтай ус хийгээд мод тарьчихлаа гэж цээжээ дэлдвэл энэ маш том алдаа. Хөрс, байршилдаа тохируулж тарих модны суулгацаа сонгох, модны суулгацдаа тохируулж нүхээ ухах, суулгацаа зөв суулгах, анхны усалгааг сайн хийх, мод ургаж үндсээрээ газрын гүнээс усаа авах чадвартай болтол буюу багадаа гурван жил дөрвөн улиралд арчилан хамгаалж ургуулах гэсэн дарааллаар ажиллах хэрэгтэй.

6. САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ЦАЛИН, ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ. Сүүлийн жилүүдэд тус салбарыг сонгож мэргэжил эзэмших хүсэлтэй залуусын тоо улам багасаж байна. Байгаа хэд нь мэргэжлээ сольж байх жишээний. Жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч, гадаа гандаж ажилладаг салбарынхны маань цалин бага, хангамж гээд онцгойрох зүйл огт алга. “Ухаж болсон юм чинь ургуулж болох байлгүй” гэж Ерөнхийлөгч хэлж байсан. Ухдаг хүмүүсийнх нь цалин хэд билээ, ургуулдаг хүмүүсийнхээ цалинг нэмье. Энэ бол хамгийн бодитой МОТИВАЦИ юм.

7. МОДЫГ ХАЙРЛАХ, БАЙГАЛИА ХАЙРЛАХ МЭДРЭМЖ ХАМГИЙН ЧУХАЛ. Мод тарихад юу хамгийн чухал вэ гэж хүмүүс надаас асуудаг. Бүх зүйл чухал. Чухал үгүй зүйл гэж үгүй, дээрх бүгд чухал. Гэхдээ чухлын чухал гэсэн нэг ойлголт байна. Тэр бол чин сэтгэлээсээ модыг хайрлах мэдрэмж … Энэ мэдрэмж жинхэнэ байвал таны тарьсан мод ургана. Хайраа та үйлдэл болгож тарьсан модоо арчлах нь дамжиггүй, өдрөөс өдөрт өөдөө ургаж, дэлгэрч байгааг нь хараад сэтгэл санаа тань баясан цэнгэж хөөрөх нь дамжиггүй.

БИД ТЭРБУМ МОД ТАРЬЖ ЧАДНА. Гагцхүү тэрбум мод тарихад улс төржилт хэрэггүй, ялихгүй зан, шалихгүй амбиц бүүр ч хэрэггүй. СУДАЛГАА - СУРГАЛТ - ҮЙЛДВЭРЛЭЛ гэсэн эргэх холбоогоор ажиллаж, хүн бүр мэдлэг чадвараа сайжруулж, хандлагаа өөрчлөн, санал санаачилгатай , хичээл зүтгэлтэй ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.ОЮУНЗУЛ