БЗД-ийн ахмадууд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа

Бэлэгт сайн өдөр зочлон ирсэн ахмадууд байгаль дэлхийн сайн сайхны төлөө ирээдүй хойчдоо үүрд өвлөгдөн үлдэх мод тарьж буян хураалаа.

Жил бүрийн 10-р сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын баяр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн ахмадын баярыг тохиолдуулан БЗД-ийн 80-аас дээш насны ахмадын төлөөллийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул хүлээн авч, тэдэнд нэгэн өдрийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрөөх боломжийг олгосон юм.

Бэлэгт сайн өдөр зочлон ирсэн ахмадууд байгаль дэлхийн сайн сайхны төлөө ирээдүй хойчдоо үүрд өвлөгдөн үлдэх мод тарьсан юм.

НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул улс эх орныхоо хөгжлийн төлөө залуу халуун насаа зориулан зүтгэсэн ахмад буурай нартаа хүндэтгэл үзүүлэн баяр хүргээд, намрын мод тарилтын салхийг хагалж, ахмадуудаараа мод тарилтаа эхлүүлсэндээ ихэд бэлэгшээлтэй байгаагаа хэлж байсан юм. Мөн дээрх сайн үйлсийг санаачилсан БЗД-ийн 17-р хорооны хамт олонд талархал илэрхийлээд цаашид ч ахмад буурлуудаа дэмжиж, хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Бэлэгтэй сайхан үгсийг хэлэлцэн, бие биедээ баярлаж хөөрсөн ахмадууд сүүн цацлаа өргөн, хамгийн сайхан ерөөлийг өргөж байлаа.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ