Монголын цорын ганц цогцолбор цэцэрлэгт хүрээлэн, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг, жилдээ дунджаар давхардсан тоогоор нэг сая гаруй иргэдийг хүлээж авдаг зэрэг онцлох зүйл, ач холбогдол өндөр ажлыг гүйцэтгэдэг учраас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хувьд хариуцлага өндөртэй, ажил ихтэй дөрвөн улирал өнгөрдөг.
2022 онд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурьдвал:
2022 онд хавар, намрын мод тарилтаар нийт 20000 мод цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 100000 мод ойжуулалтын хэлбэрээр тарьсан. 80 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүстэй гурван талт гэрээ хийн иргэдэд үйлчлэн нийслэлд төвлөрүүлдэг төсвийн орлогоо өмнөх жилүүдийн дундажтай харьцуулахад гурав дахин нэмэгдүүлж чадсан.
Мөн 2018 оноос хойш концесс нэрээр гацсан баруун талын авто зогсоолын бүтээн байгуулалтын ажил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын шийдвэрээр хурдан шуурхай, чанартай хийгдэн иргэдэд үйлчлэх 1000 машины зогсоолтой болсон.
2016 оноос хойш зогссон байсан нийслэлийн хөрөнгө оруулалт сэргэж баруун талын тохижилтын ажлууд, ногоон байгууламжийн усалгааны систем хийгдэж буй зэрэг томоохон бүтээн байгуулалтууд эхэлж 2023 онд дуусахаар гүйцэтгэл өндөр ажиллаж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа сэргэн, түүхэнд тэмдэглэх гайхалтай үйл явдал болсон нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониа Гутерреш болон МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар зочилж, “Энхийг сахиулагчдын талбай” дээр мод тарьсан. Европын холбоо, Япон, Энэтхэг, Унгар, Солонгос, Австрали, Франц, Беларусь зэрэг улсын үйл ажиллагааны чиглэл нэг байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага судалж, ОХУ болон Солонгос улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг хүрээлэн дээрээ хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулан, мод тарих ажлыг амжилттай зохион байгуулсан.
2022-2025 оны хүртэлх СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ болон 790 га талбайд НЭГ САЯ МОД ТАРИХ төслийг салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж дуусгасан. Ингэснээр ТЭЗҮ-тэй, хөрс, орчны судалгаа шинжилгээтэй, стратегитай, төсөлтэй бодлогын баримт бичиг бүрэн байгууллага болсон.
“ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөн өрнөж Монголчууд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, нөхөн сэргээх, мод тарьж ногоон байгууламж бүтээх зэрэг ажилд ач холбогдол өгч, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаа цаг үед “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажил илүү идэвхжиж, тарих мод, бүтээх ногоон байгууламжийн хэмжээгээ бодитойгоор гурав дахин нэмэгдүүлсэн бүтээмжээ 2023 онд дахин бататгах төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл бичих