Бургасны модожсон мөчрийн тайраадас бэлтгэх

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Туул голын сав газрыг хамгаалах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Туул гол дагуу ойжуулалт, нөхөн сэргээлт хэлбэрээр бургас модыг тарих зорилт тавин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд бургас модны мөчрийг стандартын дагуу бэлтгэж байна. Бургасны модожсон мөчрийн тайраадсыг байгальд ургаж буй бургасны мөчир, хожуул буюу үндэсний ичмэл нахиа, тусгай зориулалтын эх ургамлаас ургасан нэг настай саваа мөчрөөс бэлтгэнэ. Модожсон мөчрийн тайраадас нь бүдүүн болон нахианы байдлаараа I, II зэрэгт ангилагдана. Мөчрийн тайраадасны урт нь хангай, хээрийн 25-30 см байна. Тайраадас нь 8-аас доошгүй нахиатай байна. Нахиа нь гэмтээгүй, өвчин хортонд нэрвэгдээгүй байна. Бургасны модожсон мөчрийг ургамлын өсөлт хөгжилт зогсож тайван байдалд орсон үед буюу намраас хавар модны шүүс хөдлөх үе хүртэл бэлтгэх боломжтой. Тайраадасны нахиаг хугалж гэмтээх, холтсыг шалбалахыг хориглоно. Тайраадсыг савааны үзүүрийн болон доод талын нахиа тус бүрээс 3-4 мм зайтай тайрч бэлтгэнэ. Бэлтгэж хэрэглэсэн мөчрийн тайраадсыг 50-100 ширхэгээр багцлан боож тусгай бэлтгэсэн зоорь, зориулалтын шуудуунд цас, нойтон үртэс, элс зэргээр хучиж суулгах хүртэл хадгална. Тайраадсыг тээвэрлэхдээ чийгийг алдуулахгүйн тулд нойтон үртэс, цасаар даруулсан брезинтээр хучиж тээвэрлэх нь зүйтэй.

Сэтгэгдэл бичих