“KFC LAND - Аз жаргалын хотхон” төслийн тухай

“KFC LAND - Аз жаргалын хотхон” төслийн тухай

Тус төслийн хүрээнд хийгдэх тохижилт нь хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд явагдах ба “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын талбай дээр барилга байгууламж, хөшөө дурсгал огт баригдахгүй, мөн худалдаа үйлчилгээ эрхлэхгүй, ногоон байгууламжийг эвдэж, сүйтгэхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Харин “KFC Монгол” нь 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж, манай талбай дээр шаардлагатай байгаа тохижилтын ажлыг зураг, даалгаврын хүрээнд хүүхэд багачуудын тоглох талбай, ахмадууд болон гэр бүл, ээжүүдийн амрах орчин бий болгох, залуучууд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд нь спорт талбай болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах цогц тохижилтыг бүтээн байгуулах бөгөөд бүрэн усалгааны системтэй ногоон байгууламж бүхий орчин бий болгохоор ажиллаж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан хийгээд үр дүн хэрхэн уялдаж байгааг товчхон танилцуулахад:

1. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 973 га талбайн эхний ээлжийн 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан бөгөөд төлөвлөлтийн дагуу тус төсөл нь тохижилтын даалгавар бүхий газрын 1,1 га талбайд хэрэгжинэ.

2. Нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын 2014 онд батлагдсан төлөвлөлттэй уялдан хөрөнгө оруулалт хийж мод тарих, тохижилт хийх санал санаачилгыг нээлттэйгээр хүлээн авч, манай газрын хэрэгцээ шаардлага, гүйцэтгэлийн чанарыг харгалзан хамтран ажиллах байгууллагуудаа сонгодог зарчмаар KFC Монгол сонгогдсон.

3. “KFC Монгол”-той тус төслийг хэрэгжүүлэхээр гэрээлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дүрэм, журмуудыг мөрдсөн бөгөөд барилга байгууламж, хөшөө дурсгал барихгүй, хоол, худалдаа үйлчилгээ явуулахгүй байхаар тус тус харилцааг бүрэн зохицуулсан болно. Тус ажил нь 2023.05.20-ны өдөр бүрэн дууссаны дараагаар манайх арчилгаа, хамгаалалтыг нь хариуцаж, Нийслэлийн өмчид хүлээлгэн өгч ажиллах тухай тусгасан.

4. Дээрх төсөл нь олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд “KFC LAND – Aз жаргалын хотхон” төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2023 онд гарган тус компани нь 3 компанийг сонгон шалгаруулж, манай архитектор, инженерүүдтэй зөвлөн гүйцэтгэлээ хийж байна.

5. “KFC LAND – Aз жаргалын хотхон” төслийн хүрээнд хийгдэх тохижилтын хүрээнд 32 ажил хийгдэх бөгөөд хүүхэд, гэр бүл, ахмадууд, залуучууд, тусгай хэрэгцээт хүмүүст эрүүл эко орчинд амарч, зугаалах нөхцөлийг нь бүрдүүлсэн цогц шийдэл бүхий ажил хийгдэнэ.

6. Иргэдийн хамгийн их хүсдэг зүлэгжүүлсэн талбай болон ногоон байгууламжийг бүтээж, мод тарих бөгөөд усалгааны системтэй хамт шийдэж өгч байгаа нь оновчтой гүйцэтгэл болно гэж харж байна.

7. Ковид-19 цар тахлаас хойш “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г тогтмол зорих иргэдийн тоо нэмэгдсэн. Манай талбай дээр одоо байгаа тоглоомын талбай, спортын талбай болон бусад тохижилт иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж хүрэлцдэггүй тул дээрх талбайг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байсан нь тус төслийг дэмжих чухал шалгуур болсон.

Бид аливаа мэдээллийг хүлээж авахдаа болон дамжуулахдаа үнэн, бодит байдлыг нь сайтар нягталж байх нь нэн чухал байна. Компани тодорхой хөрөнгөө гаргаж, иргэд олон нийтэд хэрэгтэй зүйл хийгээд улс оронд хүлээлгэж өгөх гэж байгаа үйл явцыг мушгин гуйвуулж, буруугаар ойлгон олон нийтэд хүргэн, турхирааж байгаа тул бид бодит мэдээллийг хүргэлээ.

Эцэст нь Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалан, нөхөн сэргээн ногоон байгууламж бүтээж, иргэдийн амарч зугаалах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа манай хамт олонтой үзэл бодол, үйл хэргээрээ нэгдэх хэний ч өмнө үүд хаалга маань нээлттэй гэдгийг дахин хэлье !

2,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА “KFC МОНГОЛ”-ЧУУДДАА БАЯРЛАЛАА.

2023 оны 5 сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “KFC LAND – Aз жаргалын хотхон” төслийн талбай дээр уулзацгаая !

Сэтгэгдэл бичих