“CLEAN UP-3” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ “БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-НД 4000 ОЮУТАН НЭГДЛЭЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан хэрэгжүүлсэн “CLEAN UP-3” төслийг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь байгаль дэлхийдээ ээлтэй байж, хог хаягдлаа зориулалтын бус газар хаяхгүй байх, Туул голын сав газрыг бохирдлоос хамгаалахад иргэд, оюутан залуус, сурагчдыг уриалан, нэгдсэн их цэвэрлэгээг зохион байгуулж хүрээлэн буй орчны хогийг цэвэрлэдэг заншилтай.
Энэ удаагийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Хөл бөмбөгийн талбайд зохион байгуулсан бөгөөд бороотой сэрүүхэн өдөр байсан ч 4000 гаруй оюутан цугларч байгаль дэлхийгээ цэвэрлэх аянд нэгдсэн юм.
Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс нэгдсэн арга зүйн мэдээлэл өгч, багийн ахлагч нарыг томилон цэвэрлэгээнд оролцох оюутан залуусыг маск, бээлий шуудайгаар хангасан юм.
Сайн дураараа цугларсан эдгээр 4000 оюутан 12 байршилд хуваагдан нэгдсэн журмаар зэрэг цэвэрлэгээний байршилруу хөдөлсөн юм.
Эх орныхоо өнцөг булан бүрээс эрдмийн их далайд мордохоор зорин ирсэн сэтгэл зүтгэлтэй оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих