БИТҮҮЛЭХ ЁС
Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучны орой сар гардаггүй учраас оны отгон шөнийг БИТҮҮН хэмээн нэрийддэг. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахиж, гэр орны тоос шороогоо гөвж, цэвэрлэдэг ёс уламжлалтай.
Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу тавьж сахиуснуудын орох үүдийг нээдэг ба баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьж, хонгор халзан луус хөлөглөн айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрд түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг.
Харин зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг бол эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэн ширээгээ засаж, өргөө гэрээ аядуулдаг байна.
Түүнчлэн битүүний өдрөөс өмнө Монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.
Битүүний өдөр шинэ сайхан хувцсаа өмсөн галын бурхандаа дээж өргөж нар шингэсний дараа битүүлгээ эхлүүлдэг байна. Мөн битүүний орой гэр бүл айл хотлоороо үлгэр тууль ярихаас эхлээд шагайгаар наадах, морь уралдуулах, дөрвөн бэрх орхин хийморь лундаагаа үзэх зэргээр хөгжилдөн нааддаг уламжлалтай.
Харин энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.
Сэтгэгдэл бичих