Австриалаас мод нутагшуулах талаар санал солилцлоо

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Захиргаа, санхүү маркетингийн хэлтсийн дарга Б.Уянга, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри нар өчигдөр /2017.11.30/ уулзаж, санал солилцлоо. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн томоохон газартай болох зорилт тавин ажилладаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Австрали улсаас мод нутагшуулах, техникийн дэмжлэг туслалцаа авах, ажилтан албан хаагчдаа харилцан туршлага солилцуулах зэрэг санал хүсэлтийг өмнө нь Элчин сайд Жон Лангтрид хүргүүлээд байсан юм.
Элчин сайд Жон Лангтри Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс тавьсан саналыг Австрали улсын Канберра хотын Үндэсний мод үржүүлгийн газрын ерөнхий менежер Скот Саддлерт танилцуулахад таатай хүлээж авсан байна.
Канберра хотын цэцэрлэгт хүрээлэнд 2003 онд гал гарч шатаж байжээ. Шатсан цэцэрлэгт хүрээлэнгээ нөхөн сэргээхийн тулд мод үржүүлгийн газар байгуулсан байна. Тус мод үржүүлгийн газар нь өнөөдрийн байдлаар Сингапур, Шинэ Зеланд улстай Засгийн газрын түвшинд хамтран ажилладаг аж.
Эхний ээлжинд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Snow Gum нэртэй өвлийн улиралд ургадаг, хүйтэнд тэсвэртэй мод нутагшуулах, ажилтнуудаа харилцан туршлага солилцуулах, үр суулгац, мод ургамлын материал харилцан солилцох боломжтой гэсэн байна.
Дээрх ажлуудыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс шаардлагатай мэдээлэл, материалыг Австралийн талд хүргүүлж, 2018 оны дөрөвдүгээр сараас хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөөд байна.