“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”

“Бүх нийтээр мод тарих тухай” Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагууд мод, бут, сөөг, тарихыг уриалсан билээ. Энэ ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жил бүрийн 5 болон 10 дугаар саруудын 2 дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”–ийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
2014 оны 5 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтээр мод тарих өдөр” мөн БОНХЯ-ны нээлттэй өдөрлөг”-ийг БОНХЯ, Нийслэл хотын Засаг даргын тамгын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “ОСХТ” УТҮГ хамтран зохион байгуулж, нийт 35 байгууллага аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд оролцож 1700 гаруй мод тарьж, усалгаа хийлээ.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны сайд С.Оюун, Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны сайд Ц.Оюунгэрэл болон Их хурал, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал болон бусад албаны зочид оролцон мод тарьж БОНХЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 2014 оныг “Ногоон байгууламжийн арчилгааны жил” болгон зарласантай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр хүрээлэнгийн ногоон байгууламжийн мэргэжилтэнүүд мод тарилт болон арчилгааны талаар мэргэжлийн зааварчилгаа зөвөлгөө өгч, иргэд олон нийтэд мод тарих хялбаршуулсан өнгөт зөвлөмжийг тарааж, экологийн мэдлэг олголоо.