Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-ийг анх удаа тэмдэглэж байна
Монголд анх удаа “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018” өнөөдөр /2018.05.06/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Энэхүү арга хэмжээг "Монголын байгаль орчны иргэний зөвлөл" ТББ-аас санаачилж, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн Монголын залуучуудын холбоо, Соёл урлагийн их сургууль, Сити их Сургууль, Гандантэгчэнлин хийд дэмжин оролцож байна.
Хаврын баярын нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын орлогч дарга Ү.Оюунзул нарын хүндэт зочид үг хэлэв. Мөн байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн төлөөлөл, соёл урлаг, боловсролын салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 2018 онд залууст зориулсан Экстрим спортын талбай шинээр байгуулах, Крикетийн талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, “Гэрэлт гэр” төсөл хэрэгжүүлэх зэргээр хэд хэдэн бүтэн байгуулалт тохижилтын ажил хийнэ. Мөн ногоон байгууламжийн массаа нэмэгдүүлэх хүрээнд 5, 10-р сард бүх нийтээр мод тарих арга хэмжээг зохион байгуулна.
“Хаврын баяр”-ын хүрээнд “Ногоон хариуцлага” баярын жагсаал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, дэлхийн болон монголын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн танилцуулга, урлагийн тоглолт, флаш моб, “Ногоон экспо” үр бордоо, суулгацын худалдаа зэрэг соёлын болон мэдээлэл зөвлөгөө өгөх, нөлөөллийн арга хэмжээнүүд болж байна.
Дэлхийн паркуудын 7 хоногийг жил бүр Ази Номхон далайн бүс нутаг, Америк, Европын улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас энэ сарын 6-ны хооронд дэлхийн улс орнуудад төрөл бүрийн арга хэмжээ болж байна. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдрөөр орон бүр өөрийн оронд зохион байгуулдаг арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээллийг www.worldurbanparks.org албан ёсны сайтад байршуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг аж. Энэхүү Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь энэ.