Энэтхэг улсын Элчин сайдын яам 700 мод тарьж төгөл байгууллаа

Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь Энэтхэг улсын Элчин сайдын яамны санаачлагаар өнөөдөр /2019.06.05/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нарс, гацуур, шинэс, хус, голт бор гэсэн 5 төрлийн 150 ширхэг мод тарилаа. Мөн энэ өдөр ноён Гүрү Нанак Дэв жи мэндэлсний 550 жилийн ойг тохиолдуулан 550 ширхэг шар хуайс тарилаа.
Ингэснээр Энэтхэгийн Элчин сайдын яам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га талбайд нийт 700 мод тарьж өөрсдийн нэрэмжит төгөлтэй боллоо.
Мод тарих арга хэмжээнд Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноен М.П.Сингх,Тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй бурханы шашны төлөөлөл, УИХ-ын гишүүд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн дарга Б.Уянга, Махатма Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн удирдлага нарын хүндэт зочид оролцлоо.
Энэ үеэр Энэтхэг улсын Элчин сайдын яам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй цаашид тогтмол хамтран ажиллаж, ажилтан албан хаагчдыг сургалтад хамруулах, төгөлөө өргөжүүлэх, тохижилт хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.