ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖ БОЛОН ОУХМ-УУД “АМЖИЛТЫН ЭЗЭД” ШОУ ТЭМЦЭЭНИЙ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

Соёл спорт аялал жуулчлалын яам болон “А-Capella” энтертайнмент хамтран “Амжилтын эзэд” нэртэй танин мэдэхүй, соёл урлаг, спортын томоохон хэмжээний цэнгээнт нэвтрүүлэгийг Үндэсний цээрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Тус нэвтрүүлгийг жүжигчин Н.Ялалт хөтлөх бөгөөд ирэх есдүгээр сарын 20-оос үзэгчдэд хүрэх бөгөөд долоо хоногт нэг удаа 45 минутаар 3-5 телевизийн сувгаар үзэгчдийн хүртээл болох тус нэвтрүүлгээр дамжуулан хүүхэд залуучуудыг зөв төлөвшин хүмүүжихэд тус нэмэр болж, монголын орчин үеийн урлаг, спортыг олон нийтэд таниулж чадна гэдэгтээ зохион байгуулагчид итгэлтэй байна. Мөн спортын төрөл бүрт тохирсон урлагийн тоглолтууд тухай бүрт нь тоглоно.
Энэхүү нэвтрүүлгийн гол оролцогч нь мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж бөгөөд тэрээр сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, уртын харайлт болон волейбол, спорт загасчилал гэсэн спортын 12 төрлүүдээр төрөл болгоны аваргууд болон мастеруудтай хүч үзэх аж. Их аваргын анхны өрсөлдөгч нь ойр зайн гүйлтийн тамирчин, ОУХМ Б.Ачитбилэг юм. Б.Ачитбилэгийн хувьд өнгөрөгч долдугаар сард ОХУ-ын Казань хотноо болсон “Универсиад” наадамд 200 м-т монгол улсын рекордыг шинэлэн тогтоосон аж.