Хөл ургамал

Шарилж, лууль, хөл газрын ургамал гэж юу вэ?
Хөл газрын ургамал гэдэг нь байгалийн эвдэрч, элэгдсэн хөрс, ургах ургамалгүй нүцгэрсэн газруудад эхлэн ургаж, байгалийн ургамал, ургамалжилт дахин бүрэлдэн тогтох нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгч ялгаруулан агаарыг цэвэршүүлж, чийгийг тогтмол хэмжээнд байлгадаг ургамлуудыг хэлдэг.
Ургамлын тоосны харшил гэж юу вэ?
Шарилж, лууль болон бусад хөл газрын / хогийн / ургамлын цэцгийн тоосноос үүдэлтэй харшлыг Ургамлын тоосны харшил гэнэ. Дэлхийн хүн амын 30-40% нь жилд янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30%-ыг нь Ургамлын тоосны харшил эзэлж байна. Манай оронд энэ төрлийн харшил нь 7-9-р саруудад ихээр тохиолддог.
Улаанбаатар хот орчмын шарилжийн төрлийн ургамлууд 7-р сарын эхний 10 хоногоос 8-р сарын дунд хүртэл цэцэглэдэг. Агаарт шарилжийн тоосжилт бий болох үзэгдэл 7-9 сарыг дуустал үргэлжилдэг. Тоосжилтын аюултай үе 7-р сарын дундаас 8-р сарын сүүлч хүртэл 40 гаруй хоног байдаг.
Шарилж, лууль нь өглөөний 04.00-09.00, оройн 17.00-22.00 цагт тоосоо гөвдөг.
Үндсэн 8 төрлийн харшил үүсгэгч ургамлууд байна.
- Бургас /willow/ дөрөвдүгээр сараас тавдугаар сар
- Улиас /poplar/ дөрөвдүгээр сараас тавдугаар сар
- Хус /birch/ дөрөвдүгээр сараас зургадугаар сар
- Үет ургамлууд /grasses/ тавдугаар сараас наймдугаар сар
- Таван салаа /plantain/ зургадугаар сараас наймдугаар сар
- Халгай /nettle/ зургадугаар сараас есдүгээр сар
- Лууль /fat-hen/ долдугаар сараас наймдугаар сар
- Шарилж /mug-wort/ долдугаар сараас наймдугаар сар
Хөл ургамалтай тэмцэх арга
Хадалт тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж луулийн төрлийн ургамал багасаж ногоон байгалийн зүлэг болох боломжтой байдаг. Хөл ургамалтай тэмцэх хамгийн сайн арга бол тайрах, хадах юм.
- Эхний тайралт:
6-сарын 20 - 7 сарын 01
- Хоёрдугаар тайралт:
7-р сарын 15 - 7 сарын 25
- Гуравдугаар тайралт:
8-р сарын 5 - 8 сарын 15
Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлийн долоо хоногоос 8-р сарын дунд хүртэл 3 удаагийн давтамжтай тайралт хийнэ.
Арчилгааны инженер Д. Энхжаргал