“Намянжү Дасаны төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрөгч 2017 оны наймдугаар сард БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичгийг Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “Намянжү Дасаны төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна.
“Намянжү Дасаны төгөл” байгуулах арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.05.12/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү, Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, бусад албаныхан оролцлоо. Энэ үеэр хүндэт зочид төлөөлөгчид “Намянжү Дасаны төгөл”-д гурван нарс мод суулгасан юм.
“Намянжү Дасаны ой” төслийн хүрээнд 10 жилийн хугацаанд 100 га талбайд ойжуулалтын ажил хийгдэх бөгөөд нийслэл хот, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч, холбогдох шийдвэрийг гарган хэрэгжүүлнэ.
Энэ үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Хоёр хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд “Намянжү Дасаны ой”төсөл өнөөдөр бодит ажил болж буйд маш их баяртай байна. Та бүхний байгуулсан төгөл нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлээд зогсохгүй хоёр хотын өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны илэрхийлэл байх болно” гэлээ.
Төслийн хүрээнд энэ хаврын мод тарилтаар улиас, чацаргана, шар хуайс гэсэн 3 төрлийн 3000 мод таригдаж байна.