“Сайн үйлсийн өдөр-2019” өдөрлөг боллоо

Дэлхийн 100 гаруй орны иргэд жил бүрийн дөрөвдүгээр сард сайн дурын үндсэн дээр нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлж “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил "Сайн үйлсийн өдөр”-ийг ням гаригт буюу 2019.04.7-ны өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-нд зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцож өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан бөгөөд 2400 гаруй хүн хамрагджээ. Өдөрлөгийн үеэр нийтэд тустай сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаарх бүхий л мэдээллийг өгч, хэрхэн нэгдэх талаар зөвлөгөө өгсөн юм.
Тухайлбал Сайн үйлсийн өдрийг зохион байгуулагч Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнийхэн бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг хариуцаж, олон нийтээс "Миний хийх Сайн үйлс"-ийн самбар ажилуулсан бол Нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн сайн дурынхан хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөөг олон нийтэд таниулах ажлыг хариуцаж оролцлоо. Мөн сайн үйлсийн өдөрт гурав дахь жилдээ оролцож байгаа Эмнести Интернэшнл байгууллага иргэдэд хүний эрхийн мэдээлэл өгөх зэргээр өргөн цар хүрээтэй боллоо.