"ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР"

Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсын таван хүн тутмын нэг нь ямар нэгэн төрлийн харшилтай гэсэн мэдээлэл байдаг. УКТЭ-ийн сүүлийн 30 жилийн турш хийсэн судалгаанаас харахад шарилжны харшлаар өвчлөгсдийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон жил бүрийн 6-9 саруудад 3 удаа харшил өдөөдөг, тоосжилт үүсгэдэг шарилж, лууль зэрэг хөл ургамлыг устгах ажлыг зохион байгуулж, нийт 55 га талбайн хөл ургамлыг устгаж, хаягдал хөл ургамал, зүлэгээр ялзмаг үүсгэн, био бордоо болгон дахин ашиглаж байна.Хүний эрүүл мэндэд хоргүй, хүнс болон эмчилгээнд ашигладаг, өвөрмөц анхилуун үнэртэй, хавар зуны улиралд цэцэглэдэг олон төрлийн ашигтай ургамал болох агь, хялгана, хиаг, ногод, ганга, багваахай, тэмээн таваг гэх мэт ашигтай ургамлын ургалтыг дэмжиж, байгалийн унаган төрхөөр хадгалан үлдээсээр ирлээ. Энэ жилийн 3 дахь удаагийн ургамлыг устгах ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон “Улс төрийн тойм” сониноос санаачилж буй “Шарилжгүй Улаанбаатарын харшилгүй иргэд болохын төлөө” аяныг хамтран зохион байгуулж 18 тонн хөл ургамлыг цэвэрлэлээ.