"Соёолж" ХХК-ийн Мод үржүүлгийн аж ахуйтай танилцлаа

“Соёолж” ХХК-ийн урилгаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын инженерүүд Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Мод үржүүлгийн аж ахуйтай өнөөдөр /2018.10.19/ танилцлаа.
Тус компанийн Мод үржүүлгийн аж ахуй нь монголдоо томоохонд тооцогдох буюу 50 га талбайд 20 гаруй төрлийн навчит болон шилмүүст модыг үрээр болон мөчрөөр тарьж ургуулж байна. Шинэс, гацуур зэрэг шилмүүст моддыг үрээр үржүүлж, сүүлийн үеийн техник технологийг ашигласан нь сайн үр дүн үзүүлжээ.
Ирэх жил Соёолж компанийн мод үржүүлгийн аж ахуй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажиллахаар болсны дагуу дээрх танилцах уулзалтыг зохион байгуулсан. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га талбайд байгуулсан Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон бөгөөд төслийг санхүүжүүлэгч “Ази номхон далайн ойн нөхөн сэргээлт менежментийн олон улсын ТББ”-аас нэмж мод тарихаар болсон юм.
Төслийг санхүүжүүлэгч талаас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад “Соёолж” компани шалгарч Ботаникийн бичил цэцэрлэгт 2000 гаруй мод тарина. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн инженерүүд тус үржүүлгийн үйл ажиллагаа, мод үржүүлэгтээ нэвтрүүлсэн шинэлэг технологитой танилцлаа.