“УЛААНБААТАР УРАН БАРИМАЛ-2014” НААДАМД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН, ТӨРИЙН СОЁРХОЛТ УРАН БАРИМАЛЧ ЦЭВЭГМИДИЙН АМГАЛАНГИЙН ЯРИЛЦЛАГА

- Энэ наадамд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Ямар бүтээлээрээ тэргүүн байр авав?
- Монголд анх удаагаа злхион байгуулагдсан наадмаас тэргүүн байр хүртсэндээ их баяртай байна. Хуш модоор хийсэн талын зэрэглээ гэдэг бүтээл маань шалгарлаа. Уг нь хар модоор хийе гэж бодож байсан ч тухайн үедээ худалдаж авахад мод нь байгаагүй. Тэгээд ч хар мод хүнд, хийхэд хүндрэлтэй учир арай хөнгөн модыг нь шилж авсан л даа.
- Та энэ бүтээлээ хэр удаан хугацаанд босгов. Бүтээлийнхээ санааг яаж олж авсан бэ. Наадамд ганц энэ бүтээлээрээ л оролцов уу?
- Тийм ээ, ганц энэ бүтээл л оролцуулсан. Ер нь бол би нилээд олон жилийн өмнөөс, бараг 1985 оноос бүтээлийнхээ имиж, хийж байгаа баримлынхаа хэлбэр байдлыг арай өөр болгож эхэлсэн. Тэр үед чинь би ЗХУ-ын Ленинградад уран зургийн академ төгсөөд ирчихсэн байсан. Тухайн үедээ голцуу хүний баримал, хөшөө дурсгал хийхдээ их туршлагатай байлаа л даа. Алсдаа уран бүтээл тал руугаа юм хийе гэж бодоод гайхамшигтай гоё говь, талын зэрэглээ үзсэнээ буулгах юмсан гэж бодож явсан. Тэгээд ер нь талын зэрэглээ, говийн зэрэглээ зэрэг бодит биш, гарт баригддаггүй юмыг баримлаар хийвэл яасан юм гэж явсаар “Зэрэглээ” цуврал баримлаа хийж эхэлсэн. Энэ нь яваандаа миний сүүлийн нилээд хэдэн жилийн чиг баримжаа болчихлоо л доо. Үүний нэг хэсэг нь саяын наадамд оруулсан “Талын зэрэглээ” юм.
- Гарт баригдаж, нүдэнд харагддаггүй хийсвэр зүйлийг баримлаар дүрсэлж эхэлсэн гэж байна. Тэгэхээр та яг аль урсгалаар бүтээлээ туурвидаг хүн бэ?
- Баримлаар хийсвэр урлаг хийнэ гэдэг хэцүү л дээ. Ерөнхийдөө тэр талруугаа ханддаг болсон гэж болно. Гэхдээ яг хийсвэр гэж болохгүй. Гол нь барималд хэлбэр. Тэр хэлбэрийн хоорондын зохицолгоо, хэмжээ байдаг. Бодит хүний баримал ч ялгаагүй. Хамгийн гол нь харьцаа. Харьцааг л зөв олбол агаар орчиндоо сайхан харагддаг. Түүнээс яг би тийм чиглэлийг баримталдаг гэж тодорхойлох юм байхгүй.
- Та “Зэрэглээ” баримлаа хичнээн цувралаар хийсэн бэ. Хамгийн анхны цувралаа хэзээ бүтээж байв?
- Ерөнхийдөө 1985 оны эхээр санаагаа олоод анх хүрлээр барьж Японы нэг үзэсгэлэнд орж байсан. Дараа нь Хятадын Чанчунь мужид байдаг олон улсын паркт “Талын уянга” гээд морин дээр давхиж буй эмэгтэйн гантиг чулуун баримлыг барьж үлдээсэн. Энэ чиглэлээ хөгжүүлсээр Бээжин, Канад, Авсралид сая тавдугаар ард Америкт бас л “Зэрэглээ”, “Талын уянга”, “Морьтой зэрэглээ” зэрэг бүтээлүүдээ тавьсан.
Яг том хэмжээнийх нь бол гадны орнуудад байгаа юм байна. Энэ чигийн жижиг сажиг бүтээл бол олон л доо.
- Хамгийн том нь хаана байгаа вэ?
- Миний урласан бүтээлийн хамгийн том нь Хятадын бээжин хотод өндрөөрөө 3.50 метр, уртаашаа дөрвөн метртэй “Тэмээний зэрэглээ” гээд баримал байна. Үүнийг хийхдээ шил хүрлийг нийлүүлж холимог техникээр хийсэн юм.
- Саяын наадамд сойсон “Талын зэрэглээ” бүтээл хэр томд тооцогдох вэ?
- Өндрөөрөө 3 метр, уртаараа 3.85 метр бүтээл. Ер нь томдоо орно.
- Энэ наадамд таны үеийн ахмад туршлагатай хүмүүс хэр их оролцов. Голцуу залуу барималчид байсан. Шавь нараас чинь оролцсон уу?
- Наадамд голцуу залуучууд оролцсон. Лхамсүрэн, Галбадрах гээд хоёр гурван ахмад барималчид байсан. Шавь нараас бол нилээд олон хүн оролцсон шүү. Өлзийбаатар, Цогтбаатар, Бадарч зэрэг сайн залуу барималчид байна.
- Та одоо хичнээн шавьтай болоод байна. Тэднээс олонд танигдсан нэртэй бүтээл туурвисан хүмүүс олон л байгаа байх даа?
- Майдар бурханыг босгож байгаа Оргил гээд их сайн барималчин байна. Өлзийбаатар гээд модоор хийдэг уран барималчин байна. Эд нэр улирал болгон үзэсгэлэнгээ гаргадаг. Ер нь олон сайхан залуус байгаа шүү.
- Та өөрөө хэзээ хамгийн сүүлд үзэсгэлэнгээ гаргав?
- Хамгийн сүүлд 2007 онд голцуу хүрлээр цутгасан бүтээлүүдээрээ бие даасан үзэсгэлэн гаргалаа.
- Ер нь уран бүтээлч хүн хэр ашигтай ажилладаг юм бол. Хэрхэн цалинждаг вэ?
- Тухайн хүний чадвараас болно л доо. Өөрсдөө хүүхэлдэй, керамик зэрэг жижиг үйлдвэрлэл эрхэлж болж байна. Гол нь захиалга л байдаг. Өмнө нь урчуудын эвлэлийн хорооноос тодорхой цалин хөлс өгдөг байсан. Одоо тийм юм байхгүй ээ.
- Өнөөгийн Монголын уран баримлын хөгжил, чиг хандлага ямархуу байх шиг байна?
- Чиг хандлага гэхээс урьдаар юм бүхэн чөлөөтэй болсон болоод ч тэр үү хүн бүхэн, аймаг бүхэн нэг алдар , цуутай хүнийхээ хөшөө баримлыг босгох сонирхолтой болчихож. Мэдээж алдар цуутай хүмүүсийн байлгүй яахав. Гэхдээ орчин нөхцөл, барилгабайгууламжтайгаа зохицож хэмжээ харьцаа донж маяг нэж юм байна. Хаана төгссөн, юу хийсэн нь мэдэгдэхгүй хүмүүсээр хямдхан баримал хийлгээд хэмжээ харьцаагүй, ямар ч мэдрэмжгүй баримал нэрэй юм их барьдаг болж дээ.
- Хөшөө дурсгал л бариад байхаас урлаг тал руу нь хөгжүүлж байгаа юм алга гэх гээд байна уу?
- Яг тийм. Хүний баримал хийлээ гэхэд өвчтэй хүн шиг цээж нь цамраад орчихсон, аарцагны ясыг нь гаргаагүй, хөл гарыг нь урт богино харьцаагүй хийчихсэн байна шүү дээ. Уг нь юм хийе гэсэн сэтгэл нь сайхан л байна. Гол нь чанартай, олигтойхон юм хийчих хэрэгтэй байгаа юм.
- Та ер нь яагаад баримал сонирхох босон бэ. Аавыгаа дагаад зохиолч болж болоогүй юм уу?
- Ном зохиол унших дуртай байсан хэдий ч бүр багаасаа л зурах сонирхолтой байсан. Тэгээд л тухайн үедээ Хөгжим бүжгийн коллежийн график зургийн ангид орчихсон. Дараа нь Орост очоод барималчны ангид ороод л барималчин болсон доо.
- Таны хамгийн анхны томоохон бүтээл чинь юу байв?
- Намайг 1977 онд Ленинградын дүрслэх урлагийн академийг төгсч ирсэний дараа 1979 онд Халхын голын 40 жилийн ой тохиож байв. Тэр ойд зориулж би “Монголын хилчин дайчдын хөшөө” босгосон юм. Дорнод аймгийн Халхгол суманд байдаг, 15 метр өндөртэй бетонон хөшөө. Энэ л миний сургуулиа төгсч ирээд хийсэн хамгийн анхны том бүтээл дээ.
- Та чинь энэ бүтээлээрээ Төрийн соёрхол авч байсан байхаа?
- Үгүй, дараа нь 1985 онд Зөвлөлт Орос улсын барималчидтай хамтран “Ялалт” хэмээх 55 метр өндөртэй зэс хөшөө барьсан. 1986 онд Төрийн соёрхол авч байсан юм.
- Бүтээлүүд дундаас тань хамгийн их дурсамж агуулсан, сэтгэлд хоногшсон нь ямар бүтээл байдаг вэ?
- Том хөшөө дурсгал хийхэд туршлага олж авч, хүмүүстэй танилцаж байдаг учраас дурсамжтай байх нь мэдээжийн хэрэг. Яг уран бүтээлийн хувьд бол амна дурьдаж байсан Хятадын Чанчунь хотод байгаа “Талын уянга” бүтээл юм. Өөрийн шинэ чиг хандлагаа олчихоод хамгийн үүнийг л арай дориун хийсэн юм болов уу гэж боддог. Тал нутгийг мориор бэлэг тэмдэг болгож, бүсгүй хүний гоо үзэсгэлэн өсөж төлжиж байдгаар нь тал нутгийн сайхныг харуулсан. Үүндээ би их хайртай байдаг.
- Зохиолч дуучид хайртай хүндээ шүлэг дуу зориулдагтай адил танд хайртай хүндээ зориулан босгосон бүтээл байдаг уу?
- Байхгүй байхгүй. /инээв/ Норовбанзад гуайг л аль дээр хийж эхэлчихээд дуусгаж чадахгүй хаячихаад байгаа. Онгод ч игэх юм уу нэг юм дутагдаад л байна л даа. Түрүүний зэрэглээг дүрсэлдэг шиг хоёр тал руу нь дууны хөг аялгууг илэрхийлсэн, нисч буй шувуу ч юм уу амьтан ч юм уу нэг тийм онцлог юмаар илэрхийлмээр байгаа юм.
- Нэр алдартай хүмүүст захиалгаар болон өөрөө зориулж босгосон хөрөг бүтээл ничнээн байна вэ?
- Төгссөн сургуулиараа бол би гол нь хөрөг барьдаг хүн байхгүй юу. Засгийн газрын баруун хойно байгаа Самбуу гуайн хүрэл баримал байна. Нацагдоржийн баримал, Д.Цэвэгмид гуайн баримал гээд тоолоод байвал олон байна л даа. Завханы Алдархаан суманд Б.Дорж, Баян-Өлгийд Икэн гээд баатрын баримал байгаа.
- Үр хүүхэд дундаас тань таныг дагаж зураг зурж, барималчин болсон хүн байна уу?
- Би чинь хүү охин хоёртой. Аль аль нь зураг зурах сонирхолтой, авьяастай л даа. Гэхдээ би нэг их хүчилж урлаг руу оруулаагүй юм. Зураг зурна гэдэг их хэцүү л дээ. Өөрөө олигтой юм хийж, нэрд гарч чадаргүй бол энэ салбар уу ороод ч хэрэггүй.
- Та одоо ямар ухан бүтээл дээр ажиллаж байна вэ?
- Манайхны нэг танил буриад өвгөн байсан. Түүний морин дээрээ хатираад явж байгаа хөрөг баримлыг хийгээд л сууж байна даа.
“Өдрийн сонин” 2014.07.22 №173