ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 2000 ШИРХЭГ МОД ТАРИЛАА

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР” болгон зарласан байдаг. Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь жил бүр байгууллага, хувь хүнтэй хамтран мод тарилтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн намрын мод тарилтын нээлт 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар:
- Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл;
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг;
- НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон харьяа газар, хэлтэс, албадын төлөөлөл тус тус оролцон мод тарьж оролцлоо.
Энэ удаагийн намрын мод тарилтаар Монгол банк, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, ХХААХҮ яам, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улаанбаатар чуулга, УБЦТС ТӨХК-Борлуулалтын бодлогын хэлтсийн хамт олон, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, 93 дугаар сургуулийн 4б ангийн хамт олон, ШУТИС-Геологи Уул Уурхайн сургуулийн багш нар, Эрдэнэс таван толгой ХК, Үндэсний давхар даатгал ХК, Power tech ХХК, Эрдэс Холдинг ХХК, БДО Аудит ХХК, Гүнд сан ТББ, Их Ажуруг ХХК, Той хаузз ХХК, Жүр үр ХХК, Макс өргөө ХХК, Алко групп гэх мэт нийт 50 гаруй байгууллага, иргэд оролцож 10 төрлийн 2000 мод, сөөг тарилаа. Тодруулбал ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээг; ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж нийслэлийн ногоон байгууламжид болон ногоон ирээдүйд хувь нэмэр орууллаа.
Мөн 2020 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 10 жилийн ой тохиож байгаа ба тус хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн Монголын анхны томоохон төсөл юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод тарьсан ба нийт тарьсан мод, бут, сөөг 98,5 хувийн ургалттай байна.