Үндэсний цэцэрлэгт хүрээлэн UNFRIEND хөдөлгөөнийг дэмжиж байна

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Цахим бодлогын түр хорооноос "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасныг засгийн газрын шат шатны байгууллагын бодлого шийдвэрт тусган анхаарч ажиллахаар болсон юм.
Энэ хүрэээнд БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтсээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тус үйл ажиллагаанд нэгдэхийг үүрэг болгоод байна. Олон нийтийн амралт зугаалгын төв болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс дээрх хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж.
Түүний дийлэнхи нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна фэйсбүүк хуудас өргөн хэрэглэж байгаа нь тэдэнд зарим талаар сөрөг үр дагавар үзүүлэх болсон.
Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгдсэн байна. Иймд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэгдсэн арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай юм.