“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН
ТАНИЛЦУУЛГА
Бидний түүх
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 230 дугаар захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ашиглалтын өмнөх захиргаа болон анх байгуулагдсан.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 30 дугаар тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн улмаар 2011 онд Нийслэлийн Засаг даргын 756 дугаар захирамжаар бүтэц орон тоог нэмэгдүүлэн шинэчилж, нийт 113 хүний бүрэлдэхүүнтэй байхаар орон тоог баталсан.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 23 дугаар тогтоол болон 2016 оны 62 дугаар тогтоолоор үндсэн чиг үүрэг, удирдлага бүтэц, хяналт, эрх үүргийг тодорхойлохтой холбогдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ болгож, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд одоо дээрх зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний зорилго
Нийслэл Улаанбаатар хотын Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэн дэлхийн жишигт нийцсэн амралт зугаалгын төв болох зорилготойгоор ерөнхий төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар ажиллаж байна.
Бидний бахархал
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” газар нутгийн хэмжээгээрээ Азидаа 6-р байранд ордог. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголд цорын ганц байдаг цогцолбор цэцэрлэгт хүрээлэн юм. Дулааны улиралд өдөрт дунджаар 12-15 мянган хүн, хүйтний улиралд 6-9 мянган хүн зочилдог. Жилд дунджаар 1-1,5 сая иргэд зочилдог.
Бидний төлөвлөлт
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх нийт 973 га газар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, нийт талбайн 15 хувьд нь тохижилт, 85 хувьд нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн.
2010 онд Art & Architects Network компани цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үнэлгээг, Хөрс судлалын салбар, Газарзүйн хүрээлэн, Шинжлэх ухааны академи “Хөрс судлалын холбоо” ТББ нь хөрсний иж бүрэн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж, 22 төрлийн мод сөөгийг тарих боломжтой тухай дүгнэлтийг гаргасны дагуу ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.
Ногоон байгууламж
Манай талбай дээр 32 зүйлийн 148 000 ширхэг мод сөөг 98,5 хувийн амьдралтай ургаж байна. Эдгээр мод сөөгийг ангилж үзвэл:
1. Шилмүүст мод 3,5 %
2. Навчит мод 22,3 %
3. Гоёл чимэглэлийн бут, сөөг 9,5 %
4. Сөөг буюу ургамалан хашлага 64,6 %
Жилийн дөрвөн улиралд манай хамт олон дунджаар 3-10 мянган мод бут сөөг тарих, 50-100 мянган ширхэг нэг наст цэцэг тарьж ургуулах, 2-10 мянган нэг наст цэцгийн үрсэлгээ бэлдэх, 5-50 га талбай зүлэгжүүлэх, 1-10 мянган модны үрсэлгээ бэлдэх, ногоон байгууламжийн орчны цэвэрлэгээ хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна ногоон байгууламжийн арчилгааны дараах ажлуудыг тогтмол хийж гүйцэтгэдэг.
1. Мод сөөгний усалгаа /04.01-11.01/
2. Өвчин, хортон шавьжтай тэмцэх /2 удаа/
3. Мод, сөөгний хэлбэржүүлэлт, залуужуулах огтлолт, таналт, шуулт /2 удаа/
4. Хөл ургамал болон зүлэг хадах /3 удаа/
5. Мод, сөөгийг бордох /2 удаа/ зэрэг
Тохижилт
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ 2021 оныг хүртэл улс, нийслэлийн төсвөөс 21 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнд:
I ээлжийн 30 га /Төв талбайн тохижилт, усан оргилуур, дугуйн болон гүйлтийн зам, спорт талбай/
II ээлжийн 25 га /Баруун талбай/
III ээлжийн 50 га /Зүүн талын талбай/ тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд орно.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
Манай талбай дээр төрийн болон хувийн 100 гаруй байгууллага төгөл үүсгэж, 30 гаруй байгууллага өөрсдийн нэрэмжит талбайн тохижилтын ажлыг хийж өгсөн.
Мөн Солонгос улсын Сөүл хотын захиргаа, БНХАУ-ын Засгийн газар, Япон улс, Европийн холбоо, Австралийн Элчин Сайдын Яамтай хамтран ажиллаж тодорхой төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.