Мэндчилгээ
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын веб хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх эрхэм зорилготой ажилладаг.
Нийслэлчүүдийн ая тухтай амарч зугаалах ногоон байгууламж бүхий эко орчныг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд эхний ээлжийн 183 га талбайн 30, 25, 50 га талбайд бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажил өрнөж байна.
2019 оны төсвийг зориулалтын дагуу зарцуулж, нийслэлийн төсөвт 233 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 233 хувиар давуулан биелүүллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог Архив, бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр манай байгууллага 92.8 хувь А үнэлгээ авч ажлаа онц сайн дүгнүүллээ.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр:
Дотоодын хөрөнгө оруулалтаар “Гэрэлт гэр” төсөл, Наран шарлаг буюу эргийн тохижилтын ажил үргэлжилж дуусах шатанд ороод байна. Хамтын ажиллагааны хүрээнд
-Ботаникийн бичил цэцэрлэгийн тохижилт,
-Койка олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн явган хүний зам, ногоон байгууламж бүхий тохижилт
-НАМЗХ-ноос хамтран хэрэгжүүлсэн тохижилт,
-НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хэрэгжүүлсэн тохижилт,
-Нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөө бүхий тохижилт зэрэг тохижилтыг санаачлагч байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр:
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах хамгаалах төлөвлөгөөний дагуу шинээр 5 га талбайг зүлэгжүүлж, 5966 мод сөөг шинээр тарьж, 40.000 ширхэг цэцгийн мандал суулгалаа. Ингэснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 зүйлийн шилмүүст мод,11 зүйлийн навчит мод, 16 зүйлийн чимэглэлийн бут, сөөг нийт 31 зүйлийн 132.986 ширхэг мод бут сөөг 98.2 хувьтай ургаж байна.
Мөн энэ онд мод сөөгний тооллого явуулж, ургалтын хувийг тогтоон, нөхөн тарих шаардлагатай мод сөөгний судалгаа, цаашид ямар төрлийн мод тарих шаардлагатай талаар дүгнэлт гаргаж, 2020 оныхоо төлөвлөгөөнд тусгалаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ургаж бүхий 132 мянга гаруй мод, бут сөөгийг коджуулан, бүх мод бут, сөөгөндөө код бүхий пайз зүүж нэгдсэн системд оруулсан нь та бидний шинээр санаачилсан томоохон ажлын нэг боллоо.
Ажилтан албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр:
2019 онд хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэгээр ажилтан албан хаагчдаа сургах, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа. Тодруулбал,
1. БНСУ-ын Гоян хотод болдог олон улсын цэцэгийн үзэсгэлэнд 3 дахь жилдээ оролцож, 3 ажилтан оролцлоо.
2. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамтай хамтран Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр 3 ажилтнаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа.
3. БНХАУ-ын Төрийн агентлаг, Ази номхон далайн тогтвортой менежмент, нөхөн сэргээх байгууллагын зардлаар инженер, техникч, цэцэрлэгчин 10 хүнийг Бээжин, ӨМӨЗО-ны цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, мод үржүүлгийн газуудтай танилцуулж, туршлага судаллаа.
4. Ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр үйлчлэгч Т.Цэрмааг Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрууллаа.
2020 онд хийх гол ажлаас:
2020 онд 25 га талбайн бүтээн байгуулалт буюу Маршал таун талын авто зогсоол, гэрэлтүүлгийн ажлыг концессоор хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ ажил хийгдсэнээр баруун талаас нэвтрэх гарц иргэд, олон нийтэд нээгдэх юм. Мөн ногоон байгууламжаа арчилж, мод сөөгөө нэмж тарих, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар тохижилт, бүтээн байгуулалтаа нэмэгдүүлэх ажил хийгдэх болно.
Нийслэлчүүдийнхээ өмнө үргэлж нээлттэй байж бүх насныхан ая тухтай амарч зугаалах цогц орчныг бүрдүүлэхийн төлөө манай хамт олон хичээн ажиллаж байна.