Танилцуулга
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 230 дугаар захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааг 2009 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс Хот тохижилтын газрын харьяанд байгуулсан байна.
- Улаанбаатар хотын Ерөнхий менежер Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааны бүтцийг дарга, менежер, дендрологич, харуул 12, худгийн моторчин 2 бүгд 17 орон тоотой баталж мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааны даргаар С. Батбаатар, менежерээр П. Эрдэнээ, дендрологичоор Б.Энхсайхан нар ажиллаж байв.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор НИТХТ-ийн 2010 оны 30 дугаар тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ыг байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 756 захирамжаар бүтэц орон тоог шинэчлэн 113 хүнтэй болгосон.
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 23 дугаар тогтоолоор үндсэн чиг үүрэг, удирдлага бүтэц, хяналт, эрх үүргийн тодорхойлохтой холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ болгож, дүрмийг шинэчлэн баталсан.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж хамгаалалтыг сайжруулан нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт нийцсэн амралт зугаалгын төв болохоор ерөнхий төлөвлөгөөний дагуу үе шатайгаар ажлууд хийгдэж, 2020 онд гүйцэтгэгдэж дууссан байхаар төлөвлөсөн.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх нийт 973 га газарт хүрээлэнг байгуулахаар төлөвлөгдсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө гарч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 53 дугаар тогтоолоор эхний ээлжийн 30 га талбайн нарийвчилсан зураг төсвийг батлуулсан.
- 2010 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Техник эдийн засгийн үндэслэл, хөрсний иж бүрэн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг шинээр хийж, 22 төрлийн мод сөөгийг тарих дүгнэлтийг гаргасны дагуу ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.
- 2010 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн БНСУ-ын Үндэсний хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 4,5 га газарт мод сөөг тарьж ургуулж хийсэн ажлаа хагас бүтэн жилээр дүгнэж ажиллав.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 183 га газрын төлөвлөлтийн зураг, үүнээс эхний ээлжийн 55 га газрын ногоон байгууламжийн зураг, 30 га газрын нарийвчилсан ажлын зураг,төсвийн дагуу бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллаа.
- Улаанбаатар хотын Туул голын ундний эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл цэвэр эко орчинг бүрдүүлэх зорилгоор жил бүрийн 5,10 дугаар сард " Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 183 га талбайд ногоон байгууламжийг бий болгож, 28,5 га талбайд зүлэгжүүлэлт, 110,000 гаруй мод, сөөг мод тарисан нь 96 хувийн ургалттай ургаж, Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байна.